Б.Сувд: Номын баярыг зорин ирж буй эрчүүдийн тоо 42 хувь болж өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-09-15 17:18:16

Улаанбаатар, 2024 оны есдүгээр  /МОНЦАМЭ/. Номын баяр 36 дахь удаагаа нийслэлийн төв талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна.


Номын зохиолч, орчуулагч, уншигч гурвыг нэг дор уулзах боломжийг олгодог энэхүү номын баярын санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдаас дараах дараах мэдээллийг тодрууллаа.


-Энэ удаагийн номын баяр урьд урьдынхаас ямар онцлогтой болж байна вэ?

-Номын баярын уур амьсгал жил бүр улам дэлгэр, агуулга өргөн болж байна. Номын баярын тайзнаа өдөр бүр маш олон шинэ ном нээлтээ хийж байна. Номын баярт гаднаас зочид төлөөлөгчид ирж оролцдог хэвшил тогтож байна.

Энэ удаагийн номын баярын онцлог гэвэл, бид Монголд анхны утга зохиолын агентлагийг нээн ажиллуулж байна. Энэ нь монгол зохиолчийн номыг олон улсын зах зээлд гаргах, эргээд гадны утга зохиолын агентлагуудын санал болгож буй номыг монголын хэвлэн нийтлэгчдэдээ санал болгох гэсэн хоёр талын ажиллагаагаар эхэлж байна. Мөн Польш, Румын зохиолчид номын баярт ирж номынхоо нээлтийг хийж байгаа нь энэхүү баярыг улам сонирхолтой болгож байна. Нээлтээ хийж буй номууд хос хэлээр гарсан учраас гаднаас энэхүү баярыг зорьж ирж буй хүмүүст монголын номын ертөнцтэй танилцах үүд хаалга нь нээлттэй болж байна.

Түүнчлэн бид энэ удаагийн баяраар эрчүүддээ зориулан 50+50 номыг санал болгож байгаа. Unlock podcast-ын залуустай хамтран хүүхдүүд, эмэгтэйчүүд, амьтны тухай гээд 50 номыг нэрлэж байсан бол эрчүүдийн уншлагын үзүүлэлт өнгөрсөн оноос нэмэгджээ. Эрчүүдийн ертөнцөд ямар ном зонхилдог болохыг судлахаар 50+50 буюу нийт 100 номыг санал болгож нэрлэлээ. “Номын ертөнц” сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарыг эрчүүдэд зориулсан агуулгаар бэлтгэсэн.


-Номын баярыг 240-280 мянган уншигч зорин ирдэг гэсэн судалгаа бий Энэ удаагийн номын баярыг хэчнээн хүн сонирхож зорьж ирж байгаа бол?

-Бид уншигчдаа тоолох аргатай. Тухайлбал, хэд хэдэн хаалган дээр зорьж ирж буй уншигчдадаа зориулан энгэрийн наалт хөөрхөн “зүрх” тараагаад зогсдог. Энэ удаагийн тоо номын баярын дараа гарна. Нийт ажиллаж буй 18 баг тайлан хурлаа хийсний дараа хэчнээн хүн үзэж сонирхсон тоо нь гарна. Өмнөх номын баярын тоо аль хэдийн гарч “Номын ертөнц” сэтгүүлд нийтлэгдсэн. Жил хагасын өмнөх судалгаагаар номын баярт ирж буй хүмүүсийг хүйсээр нь авч үвэл 36 хувьтай байсан эрчүүдийн тоо энэ удаа 42 хувь болж өссөн байна. Энэ удаагийн номын баяраар эрчүүдийн булан нээж, эрчүүдэд зориулсан бэлэг урамшуулал барьж байна гэдэг маань хүйсийн харьцааг нь ижил хувьд хүргэх зорилготой ажиллаж байна.


-Номын баярыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа нь хүрээгээ улам тэлж байгаагийн илрэл болов уу?

-Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд залуусынхаа дуу хоолойг сонсож байна гэж үзэж байна. Манай “Номын соёлт ертөнц” ТББ-ын дийлэнх нь хүүхдүүд байдаг. Нийт 10 гаруй томчууд ажилладаг. Ерөнхийлөгч маань энэ олон залуусын хүсэл мөрөөдөл, тэмүүллийг хүндэтгэн хүлээн авч ивээлдээ авч байна. 2012 онд гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохон байгуулж байгаа нь баярлаж талархмаар үйл явдал болж байна. Цаашид хүүхэд залуусынхаа дуу хоолойг сонсон, “Номын сайн нөхөр” хөдөлгөөнийг өрнүүлэхээр болж байна.


-Иргэдээ номд дуртай, уншдаг иргэдтэй болох “Дэлхийн номын нийслэл” болох зорилт ямар түвшинд яваа вэ?

-Бид Нийслэлийн ЗДТГ-тай хоёр жилийн өмнө хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан бол одоо гэрээ байгуулж үргэлжлүүлнэ. Хотын удирдлагуудад энэхүү саналыг удаа дараа тавьж байгаа. Магадгүй орон нутгийн сонгуулийн дараа хэрэгжих болов уу. Эрчүүддээ зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчдийн “Номтой холбоотой үйл хэргийн тэмдэглэл”-ийг эмхэтгэн гаргалаа. Яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн товчоон бичигдэж байгаа. Үе үеийн Ерөнхийлөгчийн номд ханддаг залгамж халаа үргэлжилж байна. Ямар үр дүн гарч байгаа нь чухал учраас хэдэн жилийн дараа ирээдүйгээ хэрхэн тодорхойлж байгаагаас хамаарах байх. 













Холбоотой мэдээ