Бямба гарагт дөрвөн байршилд хэсэгчлэн зам хааж, засвар хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 15:36:52

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн замын хөдөлгөөний газраас ирэх бямба гарагт зарим байршилд зам хааж, засвар хийхээр төлөвлөсөн байна.


Тодруулбал, Нарны замын засвар шинэчлэлийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзвараас “Урбаник” хүртэлх 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдрөөр буюу 21-ний өдөр хааж, хучилтын ажил хийгээд маргааш нь буюу 22-ны өдөр хойд замыг нь хаахаар төлөвлөжээ. Ингэхдээ хөдөлгөөнийг нэг урсгалтай явуулах аж.


Мөн "Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх 550 метр замыг хэсэгчлэн хааж, засварын ажил хийх бөгөөд 23-ны өглөө нээнэ. Түүнчлэн Нисэхийн аюулгүйн тойргоос урагшаа Архивын ерөнхий газар хүртэлх 1.7 км газрыг хэсэгчлэн хаах юм. Эхний өдөр баруун талын зорчих хэсгийг, дараагийн өдөр нь нөгөө урсгалын замыг нь хаахаар төлөвлөжээ.


Үүнээс гадна Хонхны гудамж буюу ТБД Андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21, 22, 23-ны өдөр хааж, засвар хийх нь ээ.

Холбоотой мэдээ