Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-17 17:03:01

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Манай улс жилд 10 мянга гаруй тонн түүхий ноолуур бэлтгэж ноолуурын нийлүүлтээрээ Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт ордог.


Тэгвэл “Цагаан алт” гэж нэрлэгддэг “Ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээ”-ний дүнгээ  Европын холбооны Монгол дахь төлөөлөгчдийн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран  танилцууллаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн шинжилгээний ажилд таван аймгийн 15 сумын малчид, ноолуурын үйлдвэрүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулсан байна.


Энэ үеэр монгол ямааны үүлдэр угсааг сайжруулж, ноолуурын микроныг нарийсгаж чадвал дэлхийн улсууд худалдаж авахад бэлэн байгааг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Бурмаа онцолсон юм. Түүнчлэн ченжээр бус хоршоогоор дамжуулан ноолуураа дэхийн зах зээлд гаргах боломж бийг Гринвинчийн их сургуулийн профессор Жон Мортон дурдлаа.


Үүний тулд хоршоодын худалдан авах чадвар, чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй аж.  Ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээг нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван шалгуураар явуулжээ. Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааныхаа үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг цөөлж, байгаль орчинд ээлтэйгээр өсгөн үржүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.


Сонирхуулахад, Хөвсгөл болон Зүүн аймгуудын ноолуур дэлхийн зах зээлд хамгийн их үнэд хүрдэг бол Төвийн бүс болон баруун аймгуудын ямааны ноолуур харьцангуй үнэлгээ багатай байна.


Холбоотой мэдээ