Финланд бол жуулчдад хамгийн ээлтэй орон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2016-10-14 14:25:13

ЛОНДОН./TASS/. Жуулчдын хувьд хамгийн аюулгүй, амгалан тайван орон бол Финланд улс болохыг Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчдийн боловсруулсан тайланд дурджээ.

Аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөх чадварын дэлхийн тайлан гэдэг уг илтгэл хоёр жил тутамд нийтлэгддэг байна. Түүнд гэмт хэргийн талаарх статистик мэдээллүүд тухайлбал, хүчирхийлэл болон терроризмын аюул заналын түвшин, түүнчлэн тухайн улсын цагдаагийн нар аялагчдыг хэрхэн хамгаалдаг талаарх судалгааг багтаажээ.

Жуулчдад хамгийн ээлтэй тайван амгалан орнуудын хоёрдугаарт Катар, гуравдугаарт Арабын Нэгдсэн Эмирт улс орсон байна. Гэтэл энэ хоёр улс дайн самуунд нэрвэгдсэн Ойрхи Дорнодын бүс нутагт оршдог билээ.  

Жагсаалтын эхний аравт Исланд, Австри, Люксембург, Шинэ Зеланд, Сингапур, Оман болон Португал улс оржээ.

ОХУ 123 дугаарт бичигдсэн байна.

Хачирхалтай нь, Их Британи улс 63 дугаарт жагссан бол АНУ бүр хойгуур буюу 73-т бичигджээ.

Дээрх тайланд дэлхийн 134 орныг хамруулсан бөгөөд Афганистан, Ирак болон Умард Солонгосыг оруулаагүй байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ