СЭЛЭНГЭ: Ургацын хэмжээ бага ч чанар сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-18 11:50:15

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үр тарианы хураалт 37, төмс хүнсний ногооны хураалт 33 хувьтай явж байна.

 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Цагааннуур суманд ажиллаж, ургац хураалтын явцтай танилцлаа.

 

Тус сум энэ жил 38350 га талбайд үр тариа тариалжээ. Сумын тухайд хэдийгээр зуншлага сайхан байсан боловч наадмаас хойш бороо ороогүйн улмаас гандуу байна. Гэхдээ ургац сайн байгаа гэж сумын Засаг дарга Ц.Баянбаатар ярилаа.

 

Ургац тогтоолтоор Цагааннуур сум улаан буудайг сумын хэмжээнд нэгж га-гаас 13.1 цн авна гэсэн баланс гарчээ.

 

Эднийх 22 мянган га-д улаанбуудай, 9260 га-д рапс буюу тосны ургамал, 5970-аад га-д тэжээлийн ургамал тариалсан байна.

 

Одоогоор тариа хураалт сумын дүнгээр 36 хувьтай бөгөөд улаанбуудайн хувьд 22 мянган га-гаас 7213 га буюу 9551 тонн хурааж, га-гаас 13.2 цн авчээ.

 

Энэ жилийн тухайд гантай байгаагийн улмаас ургац хураалтын хэмжээ бага байгаа ч харьцангуй чанар сайн байгаа гэж тариаланчид ярьж байна. 


Холбоотой мэдээ