Их сургуулиудын номын сантай холбоотой зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн ажилтны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Номын сан-Өнөөдөр, маргааш” хэлэлцүүлэг өнөөдөр МУИС-ийн номын сангийн хурлын танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт төрийн өмчийн 6 их сургууль болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын номын санчид оролцож, салбарын өнөөгийн
байдал, олон улсын жишиг, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг авч хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар,
улсын хэмжээнд 10.6 мянган суудал бүхий 365 номын сан үйл ажиллагаа явуулдаг.
Үүнээс 101 нь их, дээд сургуулийн номын сан болохыг ШУТИС-ийн Төв номын сангийн
захирал, доктор Т.Энхцацрал илтгэлдээ дурдсан юм.
МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн, "УИХ-аас 2004 онд Номын сангийн тухай хуулийг баталсан. Энэхүү хууль нь салбарын эрх зүйн орчны хувьд томоохон дэвшил болсон хэдий ч зөвхөн нийтийн номын санг түшиглэсэн зүйл заалтуудыг түлхүү тусгаж өгсөн юм. Гэтэл одоогийн нөхцөлд их, дээд сургуулиудын номын сантай холбоотой заалтуудыг нарийвчлан тусгах шаардлага амьдралаас урган гараад байна. Өдгөө олон улсын жишгийн дагуу тухайн номын санч нь багш болон суралцагчдад хүссэн ном товхимлыг фондоос гаргаж өгөх бус зөвлөн тусалдаг, зохих ном байхгүй тохиолдолд орны номыг санал болгохуйц, шинэ үеийн техник технологийг эзэмшсэн, багшлах чадамжтай боловсон хүчин болж хувирсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
ХААИС-ийн Номын сангийн захирал, доктор Т.Энхцацрал, “Манай
сургуулийн номын санг 1958 онд байгуулсан, өдгөө 65 дахь жилдээ үйл ажиллагаагаа
явуулж байна. Нийтдээ 200 мянган ном, сурах бичиг, материалаар фондоо
бүрдүүлсэн, 12 ажилтантай, 2022 онд шинэ байрандаа нүүн орсон. Бид өнөөдөр нийтийн сангийн
статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. “Алсын хараа-2050 бодлогын баримт бичигт туссаны дагуу
улс орон, их дээд сургууль, номын сан гэсэн гурван хүрээний асуудлыг харилцан
шүтэлцээтэй авч явах нь зүйтэй юм. Их сургуулийн номын сангийн статус, стандарт,
бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, номын санчдын зэрэглэл, хамгийн гол нь
санхүүжилтыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт асуудлыг нарийвчлах шаардлагатай" хэмээв.