БАЯНХОНГОР: Үндэсний бичгийн чадварыг сайжруулахад байнгын хэрэглээ чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор Б.Элбэгзаяа Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын
хэлбичгийн багш нартай уулзлаа.
"Үндэсний бичгийн хэрэглээг дэлгэрүүлэх ажил өмнө нь холбогдох багш нарын ажил байсан бол өнөө бүх нийтийн үйл хэрэг болсон. Баянхонгор аймаг “Хүмүүн бичиг” сонины захиалгаар сүүлийн жилүүдэд тогтмол эхний таван байрт орж байгаа. “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд чамгүй идэвхтэй оролцдог" гэдгийг “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор Б.Элбэгзаяа онцлоод, багш нарын санал бодлыг сонсож, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдаан 27 дахь удаагийнхаас эхлэн олон улсын болж өргөжин, хамрах хүрээ болон шагналын сан ч нэмэгдсэнийг тэрбээр дурдсан юм. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 102 дугаар тогтоолын дагуу тус уралдаанд амжилттай оролцсон 12 дугаар ангийн эхний зургаан сурагчийг Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр суралцуулахаар болсон байна. Өмнө нь дөрвөн сурагчид тэрхүү боломжийг олгодог байсан бол тоог нэмэгдүүлж, үндэсний бичгийн шилдэг мэргэжилтнийг бэлтгэхэд томоохон дэмжлэг болж байна.
Төрийн албаны зөвлөл, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Статистикийн газар хамтран төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөд бэлэн эсэхийг үнэлсэн үнэлгээг 2021, 2024 онд зохион байгуулсан. Хоёр дахь шатны судалгааны дүнг мөн үеэр багш нарт танилцуулав.
Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөд бэлэн эсэх судалгааг Улаанбаатар хот, 21 аймгаар нэгтгэн гаргахад, Баянхонгор аймгаас судалгаанд оролцогчид 2021 оны байдлаар 52.6 хувьтай бэлэн байсан бол 2024 онд 47.5 хувь болж буурчээ. Үндэсний бичгээр бичих чадвар 12.4 хувь нь сайн бичдэг, 33.4 хувь нь дунд зэрэг, 38.6 хувь нь бага зэрэг, 15.6 хувь огт бичиж чадахгүй гэсэн бол унших чадвар 3527 хүн шалгуулснаас бүтнээр уншсан 1277, зарим хэсгийг уншсан 1679, уншиж чадаагүй 571 хүн байжээ.
Тэгвэл төрийн албан хаагчдын үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ шаардлага гэсэн асуулгад "Сургалт хэрэгтэй байна" судалгаанд оролцогчдын 90.6 хувь нь хариулсан бол 9.4 хувь нь сургалт шаардлагагүй гэсэн бөгөөд энэхүү үзүүлэлт нь үндэсний бичгийн хэрэгцээ шаардлагатай гэдгээр улсын хэмжээнд эхний байр эрэмбэлэгдсэн дүн юм.
"Хүмүүн бичиг” сонины ахлах редактор Б.Элбэгзаяа, үндэсний бичгийн чадварыг сайжруулахад байнгын хэрэглээ чухлыг онцлоод, нийт иргэний хэрэглээ болгохын төлөө багш нарыг хамтран ажиллахыг хүслээ. Мөн үеэр сониныхоо 30 жилийн ойн тусгай дугаарыг /2022.12.09-нд 24 нүүрээр гарсан/ багш нарт гардуулж, эх хэлбичгийн дархлааг хамгаалахад хамтдаа зүтгэхийн чухлыг онцолж байв.