Израилын багуудыг тэмцээнээс хасах уриалгыг ФИФА дэмжсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-24 16:55:54

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 24 /РИА Новости/. Израилын хөл бөмбөгийн шигшээ баг болон клубүүдийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасахгүй байхаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ шийдвэрлэжээ. Энэ тухай one.co.il цахим хуудсанд мэдээлсэн байна.


Израилын тал Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан тус улсын багуудыг тэмцээнд оролцуулахгүй байхыг Ойрх Дорнодын 12 улс ФИФА-д хандан уриалсан юм. Уриалгыг Баруун Азийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Иорданы хааны ах Али Бин Аль-Хусейн санаачилж, Палестин, Саудын Араб, Катар, АНЭУ, Бахрейн, Ирак, Кувейт, Ливан, Оман, Сири, Йемений хөл бөмбөгийн холбоод дэмжсэн байна. Дараа нь Ираны хөл бөмбөгийн холбоо уриалгад нэгджээ.


Долоодугаар сард хэвлэлүүдэд мэдээлснээр, олон улсын эрх зүй, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн бие даасан хуульчид “хөл бөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулах эрх Израилд байх ёсгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Уг илтгэлийг ӨАБНУ-ын хуульч Макс дю Плесси, Сара Пьюдифин-Жонс нар бэлтгэж ФИФА-д танилцуулжээ.  


one.co.il цахим хуудсанд мэдээлснээр, ФИФА-гийн тусгай комисс уг илтгэлийг судалсныхаа дараа Израилын шигшээ баг, клубүүдийг тэмцээнээс хасах шаардлагыг хүлээж аваагүй байна. 

Холбоотой мэдээ