Нэр дэвшигчдийн хамгаалалтыг чангатгах тухай хуулийг Сенат баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 25 /TASS/. АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аюулгүй байдлыг хангахын тулд Нууц албаны авч буй арга хэмжээг чангатгах тухай хуулийн төслийг Конгрессын Сенатын танхимын гишүүд санал нэгтэй дэмжжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын амийг хөнөөхөөр хоёр ч удаа оролдсоны дараа уг хуулийн төслийг баталж байна.
Эл хуулиар гол намуудаас ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг хамгаалах нэгдсэн стандартыг хэрэгжүүлэхийг Нууц албаны даргад үүрэг болгох юм. Өмнө нь хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим санал нэгтэй баталсан бөгөөд одоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлэх юм.
Хуулийн төслийг баталсны дараа Флорида муж улсаас Сенатад сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Рик Скотт мэдэгдэхдээ "Сенатын танхим энэхүү хуулийн төслийг санал нэгтэй баталснаар ардчиллын үйл явцад халдаж, дэлхий нийтийг цочирдуулсан аюул заналыг бид анхаарлын гадна орхихгүй гэсэн чухал дохиог Америкийн иргэд төдийгүй дэлхий дахинд өгч байна" гэлээ.
Энэхүү санаачилга нь тусгай албадын үйл ажиллагааны чиг хандлага, арга барилд өөрчлөлт оруулахгүй гэдгийг сенатч Крис Мерфи (Коннектикут муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн) онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн Бүгд найрамдах намын гишүүдэд хандан, засгийн газрын харьяа байгууллагуудын санхүүжилтийг сунгах төсөлд анхаарлаа хандуулахыг уриалжээ. Уг төсөлд Нууц албанд нэмэлт санхүүжилт олгох асуудлыг тусгажээ.
Трампын амийг хөнөөхийг хоёр удаа оролдсоны дараа санхүүжилтийг дорвитой нэмэгдүүлэхийг Нууц албаны даргын үүрэг гүйцэтгэгч Рональд Роу хууль тогтоогчдоос хүссэн юм.
Флорида муж улсын Палм-Бич хот дахь “Trump International” гольфын талбайд Д.Трамп байх үед түүн рүү гал нээхээр завдсан гэх хэргийг шалгаж байгаагаа Холбооны мөрдөх товчоо есдүгээр сарын 15-нд мэдээлсэн. Энэ хэргийг Трампын амийг хөнөөх гэсэн оролдлого үзэж байгаа юм.
Хоёр сарын өмнө Пенсильвани муж улсын Батлер хотод Д.Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан билээ.