Казахстаны заалны хөлбөмбөгчид дуулиан тарив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-27 08:35:30

ТАШКЕНТ, 2024 оны есдүгээр сарын 27 /NUR.KZ/. Узбекистанд болж буй заалны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/8-ийн шигшээ тоглолтод Казахстаны хөлбөмбөгчид дэлхийн аварга Португалын багийг хожиж, дуулиан тарилаа.


Тоглолт пүрэв гарагт Андижан хотын Спортын цогцолборт болж, казахстанчууд 2:1 харьцаагаар хожив. Казахстаны шигшээ багийн тоглогч Чингиз Есенаманов 11 дэх минутанд эхний гоолыг оруулсан бол хоёрдугаар үеийн 21 дэх минутанд Португалын Зики Те хариу гоол хийснээр тоог тэнцүүллээ. Харин тоглолтын үндсэн цаг дуусахаас ердөө 14 секундийн өмнө Даурен Турсагулов хожлын гоолыг оруулсан байна. Ингэснээр Казахстаны баг ¼-ийн шигшээ тоглолтод шалгарч, 30-ны өдөр Аргентин-Хорватын ялсантай нь Ташкент хотод тоглоно.


Сануулан дурдахад, Португалын баг 2021 онд болсон өмнөх ДАШТ-нд түрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар ФИФА-гийн чансаанд Бразилын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Харин Казахстаны баг 8 дугаарт жагсаж байгаа юм.  


Футзалын ДАШТ-нд оролцож буй Казахстаны баг хэсгийн шатанд Испанийн шигшээтэй 1:1 харьцаагаар тэнцэж, Ливи /4:1/, Шинэ Зеландын /10:0/ багуудыг хожсоноор хэсгээсээ шалгарсан юм.


Заалны хөл бөмбөгийн 10 дахь удаагийн ДАШТ Узбекистан улсын Андижан, Бухара, Ташкент гэсэн гурван хотод есдүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. 

Холбоотой мэдээ