Хятадын хөрөнгийн зах зээл 28 хувиар огцом өсөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 30 /Bloomberg/. Хятадын эх газрын (Шанхай, Шэньжэнь) хөрөнгийн биржийн CSI 300 индекс есдүгээр сарын 30-ны даваа гаргийн арилжаагаар 9.04 хувиар өсөж, 4038.47 нэгжид хүрсэн нь 2015 оноос хойш хамгийн их хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Сүүлийн есөн өдрийн арилжаагаар Хятадын хөрөнгийн биржийн индекс 27.83 хувиар өссөн байна. CSI 300 индекс 2021 оны дээд үзүүлэлтээс 9 дүгээр сарын дунд үе хүртэл 45 гаруй хувиар унасан ч дахин өсөж эхэлжээ. Шанхай, Шэньжэний биржийн даваа гараг буюу өнөөдрийн арилжааны нийт эргэлт 1.6 их наяд юань буюу 228 тэрбум ам.доллар давсан байна.
Өнөөдөр арилжаачид долоо хоногийн турш үргэлжлэх амралтын өмнөх сүүлчийн арилжаагаар хувьцаа худалдаж авсан гэдгийг шинжээчид онцолжээ. 10 дугаар сарын 1-7-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан өдрийг тэмдэглэдэг.
Үүнээс гадна, засгийн газраас авч буй урамшууллын арга хэмжээ хөрөнгө оруулагчдыг хамгийн хүнд цохилтод өртсөн зах зээлд эргүүлэн татаж байна. Тодруулбал, Хятадын гурван том хотод орон сууц худалдан авагчдад зориулсан журмыг зөөлрүүлж, Төв банк ипотекийн зээлийн хүүг бууруулахаар шийдвэрлэсэн байна. Хятадын эдийн засгийг дэмжих арга хэмжээ авч байгаагаа тус улсын эрх баригчид есдүгээр сарын 24-ний мягмар гарагт мэдэгдсэн юм.