ДОРНОД: “Цахимд зөв байя” кибер аюулгүй байдлын сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Цахимд зөв байя” кибер аюулгүй байдлын сургалтыг Дорнод
аймгийн ЗДТГ-ын албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Монгол Улсын хүн
амын 83 хувь нь интернэт идэвхтэй
хэрэглэгч боловч өөрсдийн кибер аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай ойлголт,
мэдлэг дутмаг байдгаас үүдэж кибер халдлага, цахим гэмт хэргийн хохирогч болох
тохиолдлууд их гарч байна. Тухайлбал, цахим ур чадварын
судалгаагаар иргэдийн 73 хувь нь цахим
ур чадвар дутмаг, үлдсэн 26 хувь нь зөвхөн
мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах түвшинд байдаг байна.
Иймд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг
эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадвар, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор
бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг аймаг, орон нутгийн хэмжээнд үе шаттай
зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Кибер
халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвтэй хамтран цахим орчин дахь ул мөр,
хувийн мэдээллээ зөв зохистой удирдах, байгууллагууд кибер аюулгүй байдлаа
хэрхэн хамгаалах чиглэлээр бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх гуравдугаар
шатны сургалтуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Төрийн цахим үйлчилгээний газрын дарга П.Батбаатар, “Төрийн үйлчилгээний цахим
шилжилтүүд сайжирч, иргэдэд хүрэх хүртээмж дээшилсэн хэдий ч нөгөө талаар
иргэдийн цахим ур чадвар, кибер аюулгүй байдлын нөхцөл байдал тааруу
байна. 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хууль УИХ-аар батлагдаж, 2022 оноос
эхлэн мөрдөж эхэлсэн. Үүгээр Монгод Улс кибер аюулгүй байдлын тогтолцоогоо
бүрдүүлсэн. Мөн иргэд, хуулийн этгээд, хувийн онц чухал дэд бүтэцтэй
байгууллагын кибер аюулгүй байдлыг Кибер аюулгүй байдал, зөрчилтэй тэмцэх
нийтийн төв хариуцан ажиллахаар болсон. Тийм учраас тус төвөөс 21 аймагт үнэ
төлбөргүй дээрх сургалтыг зохион байгуулж байна” гэв.