ДОРНОД: Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжил, оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-02 17:41:16

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ахмад настнуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр 2014-2016 онд “Ахмадаа ачлах дэд хөтөлбөр”, 2016-2020, 2020-2024 онд “Ахмадын ачлал” хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

 

Хөтөлбөрийн хүрээнд ахмадуудын туршлага, ур чадварыг хүүхэд, залуучууддаа өвлүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн идэвх, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн шаардагдах төсвийг нь орон нутгийн төсөвтөө тусган баталж, аймаг, сум, багийн ахмадын хороо, зөвлөлүүдээрээ гүйцэтгүүлж байна.

 

Өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагын зүгээс анхаарч ахмадын байгууллагуудыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэх чиглэлээр сум, баг бүрд “Ахмадын өргөө”-г улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар байгуулж, ая тухтай орчинд үйл ажиллагаагаа тогтмол, идэвхтэй явуулах нөхцөлийг нь бүрдүүлээд байна.

 

Түүнчлэн 2020 оноос эхлэн ахмадын байгууллагуудын удирдлагуудад харилцаа холбоо, унаа шатахууны дэмжлэг, урамшуулал олгодог болсноор анхан, дунд шатны ахмадын байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж, ахмад настны хөгжил, оролцоонд тодорхой хэмжээгээр ахиц гарсаар байгаа юм.

 

Мөн Чойбалсан хотын нийтийн тээврээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг анх 2014 оноос хэрэгжүүлж, нийтийн тээврийн 2 чиглэлд бага оврын автобусаар үйлчилж эхэлсэн бол өнөөдөр нийтийн тээврийн 7 чиглэлд дунд оврын автобусаар ажлын өдрүүдэд өдөрт 4-6 удаагийн эргэлттэйгээр жилд дунджаар давхардсан тоогоор 110 гаруй мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байна

Холбоотой мэдээ