Ташаа мэдээллийн улмаас Йеменд оршуулгын ёслолын үеэр агаараас цохилт өгсөн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-17 14:32:57

САНАА./Xinhua/. Ташаа мэдээлэл авсны улмаас Йемен улсын нийслэл Санаа хотод оршуулгын ёслолын үеэр агаараас цохилт өгсөн гэж Саудын Арави тэргүүтэй улсуудын цэргийн эвсэл мэдэгдлээ.

Босогчдын бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнтэй салах ёс гүйцэтгэж байсан хүмүүс рүү энэ сарын 8-нд агаараас довтолсны улмаас 140 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархадсан юм.

Тус эвслийн байгуулсан мөрдөн шинжээчдийн комисс өнгөрсөн ням гарагт мэдэгдэхдээ “тухайн газар нь армийнхны онилсон бай байсан. Иймээс нэн даруй цохилт өгөхийг эвслийн цэргийнхэнд тушаасан” гэв.

Мөн цэргийн ажиллагаа явуулах хориотой бүсүүдэд иргэний байгууламж байгаа эсэхийг эвслийн цэргийн Агаарын цохилтын ажиллагааг зохицуулах төв нягтлалгүйгээр цохилт өгсөн байна гэж мөрдөн шинжээчид хэлжээ.

Ийм хэрэг хийхэд хүргэсэн хүмүүст зохих арга хэмжээг авах хэрэгтэй гэж мөрдөн шинжээчид мэдэгдээд, хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохыг уриалав.

Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн талыг баримтлагч хүчнийхэн болон Иранаас дэмжлэг авдаг “Хусит” бүлэглэлийн босогчдын хооронд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.

Йемений засгийн газрыг дэмжиж буй Саудын Арави тэргүүтэй эвслийн хүч хуситуудын байрлалд агаараас цохилт өгсөөр байгаа юм.

Тус эвсэл андууран агаараас цохилт өгснөө хүлээн зөвшөөрснөөр олон улсын зүгээс ирж буй шүүмжлэлийг намжаахыг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ