“Милтон” хар салхинаас учирсан хохирлыг үнэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-10-11 09:48:02

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 11 /VOA/. Ширүүн бороо, үер, хуй салхи дагуулж, цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулсан “Милтон” хар салхинаас учирсан хохирлыг АНУ-ын Флорида муж улсын оршин суугчид үнэлж байна.


Одоо хүч нь суларч Атлантын далай дээгүүр урагшилж буй “Милтон” шуурганы нөлөөгөөр пүрэв гарагт Флоридагийн төв болон хойд хэсэгт хүчтэй салхилсны улмаас байшингууд сүйдэж, 14 хүн амиа алдаж, 3 сая гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Цахилгаан хангамж удаан хугацаагаар тасалдаж болзошгүйг нийтийн үйлчилгээний компаниуд анхааруулжээ.


Ерөнхийлөгч Жо Байден Засгийн газраас авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар пүрэв гарагт телевизээр үг хэлэхдээ, сэргээн босголтын ажилд урт хугацаа, олон тэрбум доллар шаардагдана гэдгийг дурдаад, та бүхнийг хэвийн байдалдаа эргэн ороход туслахын тулд бид чадах бүхнээ хийх болно хэмээн мэдэгдсэн байна. 


Хар салхи орон нутгийн цагаар лхагва гаргийн орой Сарасота тойргийн Сиеста-Ки арлыг дайран өнгөрөхдөө гуравдугаар зэрэглэлийн түвшинд байсан бөгөөд салхины хурд 205 км/цаг хүрч ширүүсжээ. Флоридагийн баруун эрэгт оршдог Санкт-Петербург хотод 41 см хур тунадас унасан нь 10 дугаар сарын дунджаас найм дахин их байв.


Флорида муж улсын захирагч Рон ДеСантис пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, бид ойрын өдрүүдэд шуурганаас учирсан хохирлын хэмжээг илүү нарийн тодорхой мэдэх болно гээд, шуурга хүчтэй байсан, гэхдээ аз болоход бидний урьдчилан таамаглаж байсан хамгийн таагүй нөхцөл байдал үүсгэсэнгүй хэмээн хэлжээ.


Р.ДеСантисын хэлснээр, одоо түүний ажлын албан Флоридагийн оршин суугчдад зориулан “ус, хоол хүнс зэрэг шаардлагатай хангамжийг тараах цэгүүдийг хаана байгуулахаа шийдэж байна. Захирагч мөн дэлгүүрүүд болон шатахуун түгээх станцууд ойрын хугацаанд нээгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Майами дахь Үндэсний цаг уурын алба лхагва гаргийн үдээс хойш гэхэд хар салхины 50 гаруй сэрэмжлүүлгийг гаргасан байна. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, наад зах нь 125 байшин сүйдсэний ихэнх нь зөөврийн сууц байжээ. Флоридаг “Хелен” хар салхи дайран өнгөрснөөс хойш ердөө хоёр долоо хоногийн дараа “Милтон” аюул нүүрлүүлсэн нь энэ юм.

 

Холбоотой мэдээ