ДУНДГОВЬ: Тугалын бүлээний солир
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд
сумын нутагт унасан солирын нэгэн хэлтэрхий тус аймгийн музейд байдаг бол нөгөө
хэсэг нь Байгалийн түүхийн музейд хадгалагддаг. Энэ бол Тугалын бүлээний солир
юм.
1967 оны 2 дугаар сарын
3-ны 8 цаг 30 минут орчимд Мандалговь
хотоос баруун урагшаа 80 гаруй км зайд 2
солир унасан нь Хулд сумын Тугалын бүлээний алаг хэмээх газар нутагт харьяалагдана.
Шинжлэх ухааны
академиас эрдэм шинжилгээний ажилтнууд ирж, нутгийн зарим малчдын
оролцоотойгоор уг солирыг олж авчээ.
Бүлээний рашаанаас
баруун хойш 10 орчим км зайд орших Өлгийн бууцанд нутаглаж байсан
Ш.Цэдэвсүрэнгийн гэр бүл солир унахыг харсан гэдэг. Тэдний баруун хойно гэнэт 4
удаа автоматаар галлах мэт тачигнасан дуу гарснаа бууны сум шиг шунгинаад
хотноос нь зүүн хойно 260 метр газарт түрүүчийн солир тасхийн унаад зүүн
урагшаа шороо манаруулан 24 метр орчим газарт ойчжээ.
Хоёр дахь солир нь тэр
хот айлаас баруун өмнө 150 метр газарт бууж, цааш ойн 53 метрт унажээ. Энэ 2
солирын нэгд “Тугалын бүлээн-Хулд”, нөгөөд нь “Тугалын бүлээн-Луус” гэсэн нэр
өгч нэгийг нь аймгийн музейд үлдээсэн байна.
Нөгөөг нь Ленинград /хуучнаар/
болон Дубнагийн цөмийн шинжилгээний институтэд шинжилж, уг солир нь 10,5 кг
жинтэй байснаа атмосферийн давхаргад ороод шатсаны улмаас цулынхаа 70 хувийг алдсан,
7,1 сая жилийн настай ба Оливин бронзит хондритын төрлийн бүлэгт багтахыг тодорхойлжээ.
Тугалын бүлээний солир
нь дэлхийн солир судлаачдын нийгэмлэгийн солирын жагсаалтанд бүртгэгдсэн
байдаг.
Байгалийн түүхийн
музейд хадгалагдаж буй солирын хэлтэрхий нь 1997 онд Соёлын өвийн төвөөс
баталсан Түүх соёлын дурсгалын “Хосгүй үнэт” зэрэглэлд бүртгэгдсэн байна.