Нобелийн Энх тайвны шагналтнаар тодорсон Японы байгууллагад Ж.Байден баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-14 11:42:37

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 14 /NHK/. Японы Хирошима, Нагасики хотуудын дээр хаясан Америкийн атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг “Нихон Хиданкё” байгууллага энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэжээ.  


Норвегийн Нобелийн хорооноос тус байгууллагыг шагналын эзнээр зарласнаас хоёр хоногийн дараа буюу ням гарагт Цагаан ордон Ж.Байдены баяр хүргэсэн мэдэгдлийг нийтэлсэн байна. 


"Нихон Хиданкё"-ийн гишүүд "хүн төрөлхтний сонсох ёстой түүхийг олон арван жилийн туршид өгүүлж, цөмийн зэвсгийн хор хөнөөлийг гэрчилж ирсэн” хэмээн Ж.Байдены мэдэгдэлд онцолсон байна. "Цөмийн зэвсгийг дахин хэзээ ч хэрэглэхгүй байхын төлөөх "түүхэн үйл хэргийнхээ" төлөө Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэнд АНУ-ын нэрийн өмнөөс би баяр хүргэж байна" гэж тэрбээр мэдэгджээ. 


Японы Хирошима, Нагасаки хотууд 1945 онд Америкийн атомын бөмбөгдөлтөд өртөж, АНУ дайнд цөмийн зэвсэг ашигласан цорын ганц улс болсон юм. Америкийн атомын бөмбөгдөлтийн улмаас Хирошимад 70-100 мянга, Нагасакид 70 мянган хүн амь үрэгджээ. Цацрагийн өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 500 мянгаас давсан байна. 


Ж.Байден мөн “цөмийн аюулыг бууруулахын тулд АНУ-ын тал Орос, Хятад, Умард Солонгос улсуудтай урьдчилсан болзол тавихгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгджээ. Цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг удаашруулах нь манай улсад ч, бүх дэлхийд ашиггүй юм" гэж баяр хүргэсэн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ