ӨВӨРХАНГАЙ: Л.Бямбасүрэн: "Хархорин" ХХК чацарганаа олон улсад экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-14 16:04:14

Хархорин, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны 10 сангийн аж ахуйн нэг нь 1956 онд байгуулагдсан Хархорин сум – Сангийн аж ахуй юм. Үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тус аж ахуйн нэгж 2007 онд хувийн өмчлөлд шилжиж, "Хархорин" ХХК болон өөрчлөгдсөнөөр өнөөдрийг хүртэл “Чацаргана” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.


Тус компанийн тариалалтын ажлыг газар дээр нь очиж сурвалжиллаа. Биднийг очиход Баянхонгор аймаг руу 6 мянган улиасны суулгац явуулна хэмээн завгүй ажиллаж байв.



Эднийх нийт 4200 га талбайтай, үүнээс 620 га талбайд чацаргана тариалдаг бөгөөд нэгдсэн том талбайд дан чацаргана тариалдгаараа улсад тэргүүлдэг, Монгол Улсын чацарганы хэрэгцээний нэг хувийг хангах зорилготой компани юм. Жилд дунжаар 200 орчим тонн жимс хурааж, Монголын ус, ундааны томоохон үйлдвэрүүдэд нийлүүлж байна.


Мөн ОХУ-ын Минусинск, Барнаул болон Хархорин сумаасаа мод бут, жимсний тарьц суулгац авч, далан хальс, гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, тошлой, өрөл жимс, монос, улиас, хайлаас тариалдаг.



“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц, суулгацынхаа тоог нэмж, тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 600 гаруй суулгац бүрдүүлсэн ч борлуулж чадахгүй байна. Мод үржүүлэгч үндэсний компаниудын тарьц суулгацын борлуулалт багассан. Байгууллагууд төлөвлөгөөт суулгацаа хаанаас авч байгааг ойлгохгүй байна” хэмээн тус компанийн ерөнхий агрономич Л.Бямбасүрэн хэллээ.


Тэрбээр “Манай орны хөрсөнд тарьсан чацаргана экологийн хувьд цэвэр учраас хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлэх боломжтой. Тийм санал ч манай компанид ирж байсан. Хэрвээ чацарганаа дэлхийн улс оронд нийлүүлж чадвал уул уурхайгаас ч илүү орлого олно” гэв.



Л.Бямбасүрэн 1996 онд ХААИС-ийг агрономичоор төгсөж, мэргэжлээрээ дагнан ажилласан агаад энэ компанидаа 16 жил агрономичоор ажиллаж байна.


"Хархорин" ХХК ирэх жилээс чацарганаа олон улсад экспортолж эхлэх юм. Нийт газар тариалангийн нэгжүүдэд тулгардаг хүн хүчний асуудал тус компанид ч байна. Анх 268 ажилтантай байсан бол одоо 30 гаруй л хүнтэй үлджээ. Нэг хүн 1-3 га талбай хариуцдаг учраас ажиллах хүчний асар их дутагдалтай гэж байлаа.









 

Холбоотой мэдээ