Дарханы зохиолчдын “Яруу эгшгийн чуулган-2” эмхэтгэл уншигчдын хүртээл боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбарын 60 жилийн ой энэ онд тохиож байна. Он хүрээнд тус салбараас эрхлэн гаргасан “Яруу эгшгийн чуулган-II” ном хэвлэгдэж уншигчдын хүртээл болжээ.
Уг ном Б5 хэмжээтэй, 50 гаруй хэвлэлийн хуудастай бөгөөд салбарын дарга Р.Лхамрагчаа, удирдах зөвлөлийн гишүүн Б.Норовсамбуу нар эмхэтгэж, гишүүн Т.Банзрагч, Л.Мөнхбаатар нар хамтран ажилласан байна.
Номд энэ цаг үед Дархандаа аж төрж байгаа 40 гаруй зохиолчийн бүтээлээс гадна Дарханы утга зохиолын салбарыг 1964 оноос өнөөг хүртэл удирдаж ирсэн үе үеийн салбарын дарга, анхдагчид, ахмад үеийн зохиолчдын зохиол, бүтээл, “Алтан-Өд” яруу найргийн наадмын тэргүүн шагналтнуудын бүтээл он дарааллаар оржээ.
Яруу найргаас гадна хүүхдийн зохиол, шог хошин зохиол, роман тууж, жүжгийн зохиол, их хөлгөн туульс, шүүмж судлалаар дагнаж бүтээлээ туурвидаг зохиолчдын бүтээлүүд уг номд орсон нь онцлог болсон гэж зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норовсамбуу онцолж байна.
МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын 60 жилийн ой хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит оны шилдэг шүлэг шалгаруулах “Алтан-Өд” яруу найргийн наадмыг өргөжүүлж “Гал-Өд 2024” яруу найргийн улсын наадам болгон орон даяар зохион байгуулах болжээ.