Өнөөдөр-Дэлхийн цагаан таягтны өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн цагаан таягтны өдөр буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
ГБХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад анхаарч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Орчны болоод хандлагын саад тотгорыг арилгаж, хүн бүр сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмдээ бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох тэгш эрх, боломжийг хамтдаа бий болгохыг зорьж байна.
Дэлхийн цагаан таягтны өдрийг угтан МХҮХ-ны Ерөнхийлөгч Б.Ганзориг мэдээлэл хийхдээ, Манай улсад автобус тэр бүр буудал дээрээ зогсдоггүй, номер, чиглэлийг гадагшаа зарлаж, мэдээлдэггүй нь харааны бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хэцүү байдаг. Явган хүний зам дагуух гэрлийн шон, модны мөчир, сурталчилгааны самбар, скүүтер ч биднийг нийгмийн харилцаанд ороход саад болдог. Энэ талаар зохих байгууллагад мэдэгддэг ч тодорхой үр дүнд хүрдэггүй. Мөн, бид сонгох, сонгогдох эрхээ эдлэхийн төлөө тэмцсэнээр, 2013 оноос эхлэн удаа дараагийн сонгуульд бие даан, хараат бусаар саналаа өгөхөд зориулсан брайль тэмдэглэгээ бүхий хавтас, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилсан гарын авлагыг хэвлэн, сонгуулийн санал хураах байранд байршуулж ирсэн. Гэвч УИХ-ын болон орон нутгийн энэ оны сонгуулийн үеэр сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадаагүй байна. Учир нь брайль тэмдэглэгээ бүхий санал өгөх хавтас нь зарим санал хураах байранд байхгүй, брайль тэмдэглэгээ байхгүй, нэр дэвшигчийн нэрийн өмнө дэс тоо, зууван дугуйг нүхлээгүй, брайль бичиг мэт харагдах ойлгомжгүй цэгүүд байршуулсан зэрэг олон гомдол ирсээр байгааг онцолж байсан юм.
Харааны бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь Улаанбаатар
хотын харьяалалтай бөгөөд 17 хувь буюу 2048 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлж
байгаа мэдээлэл бий.
Түүнчлэн, 10
дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг "Олон улсын хараа
хамгаалах өдөр" болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг билээ.