ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын удирдлагуудыг өнөөдөр сонгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны
аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын 9 дэх удаагийн
бүрэн эрхийн анхдугаар хуралдаан болж байна.
2024 оны ээлжит сонгуулиар Арвайхээр сумын ИТХ-ын 13 тойргийн 29 мандатаас МАН 26, АН 3 суудал авсан юм. Анхдугаар хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, үнэмлэх гардууллаа. Төлөөлөгчдөөс хамгийн их буюу 801 саналыг 13 дугаар тойргийн төлөөлөгч М.Цэгмид авчээ.
Хүйсийн байдлаар авч үзвэл 19 буюу 65.5 нь эрэгтэй, 10 буюу 34.5 хувь нь эмэгтэйчүүд юм. Тэдгээрээс хамгийн ахмад нь 57-той бол насаар хамгийн залуу буюу 27-той гурван төлөөлөгч байна.
Мэргэжлийн хувьд эрхзүйч 2, төрийн захиргааны удирдлага 5, санхүүгийн мэргэжилтэй 7, багш, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан 5, хүний их эмч 5, бусад мэргэжилтэй 5 хүн байна. Мөн Төлөөлөгчдийн 62 хувь нь анх удаа сонгогдсон бол 38 хувь нь 2-5 удаа сонгогджээ.
Одоогоор хуралдаан завсарлаад байгаа ба 14.30 цагаас үргэлжүүлэн хуралдаж, Арвайхээр сумын ИТХ-ын дарга, Засаг даргыг сонгоно.