Монгол бол Азиас Европ, Америк руу чиглэсэн агаарын хамгийн дөт замтай улс

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-21 13:50:24

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Манай улсын агаарын зам БНХАУ-аас АНУ-ын чиглэлд, тодруулбал, Зүүн өмнөд Азийн улс орнуудаас Европ, Америк руу нислэг үйлддэг хамгийн ойр дөт, стратегийн гол үндсэн замд ордог байна.


Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон олон улсын геополитикийн хямралаас үүдэн 2019 оноос хойш дамжин өнгөрөх нислэгийн тоо 60 хувь хүртэл буурч, үүнтэй холбогдуулан агаарын навигацын орлого 50 хувиар унаж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй үеийг туулж буйг Иргэний нисэхийн Үндэсний төвийн дарга Э.Төрбаяр хэллээ. Гэвч нислэгийн удирдагч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах зэргээр хүний нөөцдөө анхаарч, аюулгүй ажиллагааг алдагдуулалгүй, хүндрэлтэй байдлыг даван туулж байна гэв.




Тэрбээр олон улсын нислэгийн удирдагчдын өдөр өнөөдөр тохиож буйг дуулгаад, ойн өдөр навигацын үйлчилгээний байгууллага Иргэний нисэхийн Үндэсний төвөөс нислэгийн агаарын зайн менежментийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг мэдээллээ.


Манай улсад агаарын навигацын 210 орчим нислэгийн удирдагч ажиллаж байна.



Нислэгийн удирдагч гэдэг нь манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй болон манай улсаас гадаад, дотоодын чиглэлүүдэд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн нислэгийг өндрийн хязгаараар нь 3 бүсэд хуваан аюулгүй байдлыг хянаж, нислэгийн хөдөлгөөнийг удирддаг, авто замаар жишээлбэл замын цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг мэргэжилтнүүд юм гэдгийг тэрбээр тодотгож байв. Иргэний нисэхийн Үндэсний төв нь:

  • нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ,
  • агаарын навигацын техникийн үйлчилгээ,
  • нислэгийн урсгал төлөвлөлт,
  • цаг уур, шинжилгээ, мэдээллийн гэсэн 5 төрлийн үйлчилгээг олон улсын болон дотоодын буюу орон нутгийн агаарын тээвэрлэгч нарт үзүүлдэг ажээ.

 



Холбоотой мэдээ