ДУНДГОВЬ: Уйгагүй хөдөлмөрийн үр шимээр "Улсын аварга" болсон гэр бүл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-22 13:44:14
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багт ажил хөдөлмөрөөрөө манлайлж, бусдыг хошуучилдаг, сум орон нутгийнхаа бүхий л үйл ажиллагаанд хошуучлан оролцдог нэгэн гэр бүл бий. Эхнэр, нөхөр хоёулаа “Улсын аварга” болох тохиолдол тун цөөн. Улсын хос аварга гэхээр Дундговь аймгийнхан андахгүй.


Монгол Улсын аварга малчин, Гурвансайхан сумын 4 дүгээр багийн иргэн Нацагийн Ганхуяг, түүний эхнэр Монгол Улсын аварга саальчин Дашдаваагийн Хорлоо нарын ажил, амьдралтай танилцлаа.


Н.Ганхуяг 1987 онд Сайнцагаан сумын 10 жилийн I дунд сургуулийг дүүргэж, бүрэн дунд боловсрол эзэмшээд малчин болох гараагаа эхэлжээ. Нийгмийн шилжилтийн үед эхлээд өөр ажил эрхэлж явсан ч малчин удмаа залгамжилж, мал маллах хүслээ орхисонгүй.


Нацагийн Ганхуяг хөдөлмөрөө үнэлүүлэн 2017 онд “Улсын аварга малчин” болсон бол эхнэр Дашдаваагийн Хорлоо 2021 онд “Улсын аварга саальчин” болжээ. Дундговь аймагт Монгол Улсын аварга саальчин хэмээх эрхэм цолыг хүртсэн гурван эмэгтэй байдгийн нэг нь Хорлоо юм.



Тэд Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн уугуул. Багаасаа мал дээр өсөж, хурга ишиг хариулж, аав, ээжийнхээ мал маллах арга ухааныг өвлөн авсан малчид юм.


“Бид хоёр хоёулаа малчин айлын хүүхдүүд. Багаасаа хурга, ишигний хойноос гүйж, мал маллах, идээ цагаагаа боловсруулах, уйгагүй хөдөлмөрлөх гээд бүхий л мэдлэгийг аав, ээжээсээ өвлөн авсан. Тэр үед бидний сэтгэлийг мал л татаж, малынхаа сүү, таргийг ууж идэж өслөө дөө. Ажлын дөр сууна гэж байдаг. Түүнийг л багаас минь бидэнд суулгаж өгсөн юм уу даа.


Гурвансайхан сумандаа шилжин ирж, ажил, амьдрал маань энэ нутагтай холбогдоод удаж байна. Мал маллахын хажуугаар хийдэд шавилан сууж, буян хийхийг хичээдэг. Арваад жил шавилан суужээ.


2008 оноос орон нутгийн тусгай хамгаалагчийн үүргийг давхар гүйцэтгэж байна. Малчин хүн гэдэг зөвхөн нутгаа гэдэггүй, хол ойрыг анзаарч, байгальтайгаа ойр байж, байнга л өвс, ургамал, бэлчээр, зам, ан амьтнаа харж, хамгаалж явдаг. Тиймээс төрөлхийн байгаль хамгаалагч гэж ойлгож болох юм.


Онцлог нь миний хувьд хараа тавих орон зай илүү өргөн газар нутгийг хамардаг. Өндөршил, Өлзийт, Гурвансайхан сумын 146000 га талбайг хамран хараа бэлчээж, хамгаалж явна.  


10 дугаар ангиа төгсөөд мал дээр гарсан. Дунд нь өөр ажил хийж байгаад 2000 оноос хойш л малаа дагнан маллаж байна. Ер нь тэгээд гэр бүлээрээ амжилтад хүрнэ гэдэг уйгагүй, шаргуу хөдөлмөрийн л үр дүн юм” Н.Ганхуяг ярилаа.



Эхнэр Д.Хорлоо “Аав, ээжээс минь олгосон хүмүүжил бол хөдөлмөр юм. Тэд хэлэхдээ “хөдөлмөр хүнийг бий болгосон, уйгагүй хөдөлмөрлөсөн хүн үргэлж сайн сайхан амьдардаг, залхуурч болохгүй гэж их захиж, сургаж байсан. Бидэнд мал маллах, сайхан амьдрах бүхий л арга ухааныг сургаж үлдээжээ. Түүний хүчинд бид хоёр ийм амжилттай явж байна даа. Ийм сайхан, хөдөлмөрч аав ээжээрээ маш их бахархаж явдаг.


Аав, ээжийнхээ зааж сургасныг хүүхдүүддээ өвлүүлэхийг хичээж явна. Манайх 3 хүүхэдтэй. Хоёр хүү маань малчин, хоёулаа мянгат малчин, аймаг, сумын алдарт уяач болсон. Харин бага хүү маань харин ШУТИС-т IТ инженерээр суралцаж байна” гэлээ.


Амжилтад хүрнэ гэдэг амаргүй. Ганхуяг, Хорлоо хоёр сумандаа төдийгүй аймагтаа нэрээ гаргаж, жил бүр зохион байгуулдаг “Түншлэл” зах зээлийн өдөрлөгт оролцож, удаа дараа сүү, цагаан идээ, өөрийн гаргасан төрөл бүрийн бүтээгдэхүүнээр “Шилдэг” гэх өргөмжлөлийг хүртжээ.



Төрөл бүрийн ааруул, цагаан тос, шар тос гээд уламжлалт цагаан идээ хийхээс гадна молоко, цэлцэгнүүр, сүүн болон шар сүүн чихэр, хөмүүлэн байцаа, хөмүүлийн шүүс гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг туршин гаргаж, малчдад шинэ санаа өгсөн онцлогтой. Түүний хийдэг ааруулын амт, чанар, өнгө үзэмж онцгой сайхан.


Энэ талаар Д.Хорлоо ийн тодотгов. “Ааруулыг малчин эмэгтэй болгон л хийдэг. Гэхдээ орчин үед хэрэглэгчид илүү онцгой амттай, шинэ зүйлийг хүсдэг болжээ. Тиймээс тэдний хэрэгцээнд тохирсон молоко, цэлцэгнүүр, сүүн чихэр гээд олон янзын бүтээгдэхүүн туршиж гаргасан. Гэрээр үйлдвэрлэдэг болохоор олныг хийж чаддаггүй ч гэсэн амтанд нь орсон хүмүүс захиалж авдаг.


Сум, аймаг, Улаанбаатарт болж байгаа зах зээлийн өдөрлөг, үйл ажиллагааг алгасахгүй оролцохыг хичээдэг. Тийм үйл ажиллагаанд оролцох, очиж үзэх бүрдээ л шинийг сурч, шинэ санаа авдаг юм. Хүн аливаа зүйлийг хийж байхдаа л шинэ санаа олж байдаг. Жишээлбэл, би хөмүүлээр сорс хийгээд хатаах гээд царан дээр тавьчихсан байтал шүүс гарч, тэр нь  хатаад, өглөө нь далайн байцаа шиг болчихсон байсан. Түүнээс санаа авч хөмүүлэн байцаа хийсэн. Мөн хөмүүлийн шүүсээр амтлагч хийсэн гэх мэтээр л санаагаа олж авдаг.


Хүний хоол, хүнсийг бэлтгэж байгаа болохоор ариун цэвэр, эрүүл ахуйг гойд анхаардаг. Сав баглаа боодол их чухал. Нөхөр маань энэ тал дээр маш их зөвлөж, анхаардаг. Бараг л миний менежер болох хүн дээ” гэлээ.


Харин Д.Ганхуяг “Малчин хүн гэдэг давхар бизнес эрхлэгч гэж болно. Малаас гарч байгаа юм бүхнийг бид амьдрал ахуйдаа ашигладаг. Тэгээд хийж байгаа бүтээгдэхүүн ямар чанартай, ямар амттай, ямар өнгө үзэмжтэй байх нь хийж буй хүний сэтгэлтэй шууд холбоотой. Сэтгэлээсээ хийж, сэтгэлээсээ тордож, бүхий л сэтгэлээ түүнд шингээнэ гэдэг гайхамшигтай.


Сүүгээ ямар саванд сааж хадгалах вэ, яаж түлэлгүй аятайхан хөөрүүлэх вэ, таргаа яаж хэт их исгэхгүй байх вэ, хоормогоо хэрхэн бүлэх вэ, ааруул тавиад түүнийгээ эргүүлж тойруулж, яаж аятайхан хатаах вэ гээд бүгд технологи байхаас гадна уйгагүй хөдөлмөр, бас уйгагүй сэтгэл шаарддаг юм.


Бид аль болохоор монгол уламжлалаа л хадгалж, авч явахыг хичээдэг. Хөдөөний шороо нь хүртэл цэвэрхэн, ариухан байдаг. Тиймээс манайх идээ, цагаагаа бэлтгэдэг гэртээ дэвсгэр дэвсдэггүй” гэсэн юм.



Нэг бүлийн хоёр хүн хоёулаа “Улсын аварга” болсон тохиолдол Дундговь аймагт төдийгүй улсын хэмжээнд цөөн. Ийм нэр хүндтэй шагналын эзэд болсон нь бидний уйгагүй, шаргуу хөдөлмөрийн үр дүн, хамтын хөдөлмөрийн л үр шим дээ гэж тэр хоёр батлан хэллээ.


Мэдээж шагнал авахын төлөө хөдөлмөрлөөгүй, сайн сайхан амьдрахын тулд эцэг өвгөдөөсөө өвлөн авсан мал маллах арга ухаанаар малаа маллаж, сум, аймгаас зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, бусдыг манлайлж, бусдад сайн үлгэр дууриал үзүүлж явсны үр дүнд энэхүү амжилтад хүрчээ.


Н.Ганхуягийн авга ах Дундговь аймгаас төрөн гарсан анхны аварга малчдын нэг, аав нь Мянгат малчин. Энэ нэр хүндийг удам залган авч явна.


Эцэст нь хос аварга Ганхуяг, Хорлоо нар залуу малчдад хандан “Уйгагүй хөдөлмөр биднийг энэ хүндлэлд хүргэсэн. Ялангуяа эмэгтэй хүний ажил дуусна гэж байдаггүй. Мал маллахад хэцүү, бэрх, шантрах үе байдаг ч үр шимийг нь хүртэж, баярлаж суух өдөр нь олон байдаг.


Бид хоёрын хувьд аваагүй шагнал цөөн дөө. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Залуучуудад захиж хэлэхэд явж, олон хүний хийсэн, бүтээсэн зүйлийг сайн үзэж харж бай. Ингэж байж хүн шинэ юм олж хардаг, шинэ санаа олж авдаг.

Мал маллах уламжлалаа дага, малаа номхруул, малдаа ойр бай гэмээр байна. Манайхан малаа саахгүй байна, ахуйдаа ашиглахгүй байна. Мал ахуйдаа хэрэглэхгүй, саахгүй, унаж номхруулахгүй болохоор л зэрлэгшинэ, зэрлэгшихээр бид ашиг шимийг нь хүртэж чадахаа болино.  


Саалиа сайн саа. Сааль саах хугацаа богино шүү дээ. Манай тараг, хоормог хамгийн үнэ цэнтэй хүнс юм шүү. Багадаа зуны цагт мах бараг идэхгүй, цагаан идээгээ л хэрэглэдэг байлаа. Тэр үед хонь гаргана, хийнэ ч гэдэггүй, “шөл ууна” гэдэг байлаа. Ингэх нь маш цөөн. Зуны цагт махаа үнэрлэж, маш багаар дом маягтай хүнсэндээ хэрэглэдэг байсан нь их учиртай. Заримдаа шантрах үе байдаг ч малын буян гэдэг ашиглаж чадвал хаана ч амьдрахаас дутахааргүй үр ашгаа өгдөг” гэлээ.


Тэднийх энэ жил 100 гаруй ямаа, 15 ингэ, 10 орчим үхэр сааж байна. Гэрийн эзэн Ганхуяг “энэ зун цаг дэлгэрээд сайхан байна. Идээ гэдэг айлын үүд, гэрийн эзэгтэйн сэтгэлийн илэрхийлэл байдаг. Тиймээс би айлд орохдоо эхлээд бурхан руу нь, дараа нь  идээ рүү нь хардаг. Тэндээс айлын өнгө, эхнэрийн ажил харагддаг шүү” гэсэн юм. 










Холбоотой мэдээ