АНУ-ын Үндсэн хуулийн ховор хувь 9 сая ам.доллароор зарагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 22 /New York Post/. Хойд Каролинагийн нэгэн шүүгээний шургуулганаас олдсон АНУ-ын Үндсэн хуулийн ховор хувь дуудлага худалдаагаар 9 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.
237 орчим жилийн
түүхтэй уг баримт бичиг ердөө
долоон минутын дотор зарагдсан гэж
дуудлага худалдааны Brunk Auctions ордны тэргүүн Эндрю Бранк CBS News телевизэд мэдээлсэн байна.
Дуудлага худалдааны үеэр үнийн ихэнх саналыг утсаар, хоёрыг цахимаар ирүүлсэн бол нэг худалдан авагч Хойд Каролина муж улсад болсон дуудлага худалдаанд өөрийн биеэр ирсэн гэж Э.Бранк мэдээлжээ. Улмаар худалдан авагчийн хураамжийг оруулаад эцсийн үнийн дүн 11 070 000 ам.доллар болсон бөгөөд худалдан авсан хүний нэрийг нууцалжээ.
Үндсэн хуулийн
хувийг есдүгээр сарын 28-нд үнэ
хаялцуулахаар төлөвлөж байсан боловч “Хелен” хар салхины улмаас хойшлуулсан байна. “Хойд Каролинагийн
Эдентон суурин дахь нэгэн шүүгээний шургуулганд хадгалагдаж
байсан эд зүйл 11 сая ам.доллароор
зарагдана гэдэг маш урт аялал юм” гэж Э.Бранк хэлсэн байна. Уг хувийг 2022 онд Эдентон дахь Хейес фермийн төмөр шүүгээнээс олсон гэж CBS
мэдээлжээ.
Уг фермийг улсад худалдсаны дараа цэвэрлэгээ хийх үеэр Үндсэн хуулийн хувийг олсон байна. Хейес фермийг 1787-1789 онд Хойд Каролина муж улсын захирагчийн албыг хашиж байсан Сэмюэл Жонстон эзэмшдэг байсан бөгөөд уг хувь нь Конгрессоос муж улсууд руу батлуулахаар илгээсэн эх хуулбараас үлдсэн цөөхөн хэдэн хуулбарын нэг ажээ.