ӨВӨРХАНГАЙ: А.Мөнхбат: Агаарын тээвэр аймгийн стратегийн ач холбогдолтой салбар байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-24 17:02:16

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын төвд Нисэх онгоцны буудал гэж нам гүм орших хэрнээ тасралтгүй ажил өрнөж байдаг нэг байгууллага бий. Энэ жилийн хувьд хэр ачаалалтай ажиллаж байгааг Нисэх буудлын дарга А.Мөнхбатаас тодрууллаа.

 

-Өвөрхангай аймгийн Нисэх буудлын энэ жилийн ажил үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Миний бие 2021 оны 2 дугаар сараас энэ ажилд томилогдсон. Ажил авахтай зэрэгцээд ковид цар тахал, гадаад орнуудын нөхцөл байдлаас (Орос-Украины дайн) шалтгаалж, нислэг цөөхөн байлаа. Энэ жилээс нислэгийн тоо харьцангуй нэмэгдэж, байна. 2021-2023 онд буулт, хөөрөлт нийлээд 70 орчим нислэгтэй байсан бол 2024 он гарсаар 150 гаруй буулт, хөөрөлтийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлээд байна.


Өвөрхангай нисэх буудал нь 3С зэрэглэлтэй, Олон улсын өнгөрөлт болон баруун аймгуудын агаарын хөлгийн дамжин өнгөрөлт, захиалгат нислэг, онцгой, тусгай үүрэг, түргэний болон аялал жуулчлалын агаарын хөлөгт үйлчлэх зэргээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.


Нийт 29 хүний орон тоотой. Арвайхээр, Хархорин, Хужирт, Далангийн Олон улсын өнгөрөлтийн станц гэсэн 4 объекттой. Нислэгийн удирдагч зэрэг Монголдоо бэлтгэгддэггүй ганц нэг мэргэжилтний орон тоог эс тооцвол хүний нөөц, тоног төхөөрөмжийн хувьд бүрэн хангагдсан. Алба хаагчид тасралтгүй сургалтад хамрагдан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ хоёр жил тутамд шалгалт өгч, эрхээ сунгуулдаг. Харахад нам гүм, тайван юм шиг хэрнээ нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, нислэгт үйлчлэхэд байнга бэлэн ажилладаг хамт олон.



-Нисэх буудал суурин газраас хол, буйд орших ёстой гэдэг ч одоо хотынхоо төвд байрлаж байна. Энэ нь хэр аюултай вэ?

-Харин тийм ээ. Манайх Арвайхээр хотынхоо яг төвд орчихлоо. Уг нь 8 км радиусаар аюулгүйн бүс тогтоох ёстой байдаг. Бид Арвайхээр сумын Засаг даргад ханддаг ч нэгэнт хотын төвдөө байрлаж байгаа учир аюулгүй бүс тогтоох боломжгүй гэх хариу өгдөг. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Нисэхийн тухай шинэчлэгдсэн хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор олон асуудал тодорхой болох байх.

 

-Орон нутгийн агаарын тээврийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Тээврийн салбар хурдацтай хөгжиж байна. Цаг хугацаа хожих, аюулгүй байдлаа хангахын тулд нисдэг тэргээр зорчигчдын тоо нэмэгдэж байна. Ер нь агаарын тээвэр манай аймгийн стратегийн ач холбогдолтой салбар байх ёстой. Тийм учраас би аймгийнхаа дарга нарт “Арвайхээр хоёр том хаалгатай байж газарт орших хаалгаа шинэчлээд байгаа хэрнээ агаарын хаалгаа та нар анзаарахгүй байна” гэж хэлдэг юм. Энэ жил И.Доржсүрэн дарга Нисэх буудлын гаднах нийтийн эзэмшлийн талбайн тохижилтыг хийхээр 90 сая төгрөг баталсан ч хоёр удаа тендер зарлаад гүйцэтгэгч шалгарсангүй. Тэгэхээр он дамжиж хэрэгжих болов уу. Ирэх жил Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жил болно. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

 

-Нисэх буудалд ямар асуудал тулгамддаг вэ. Танай байгууллага орлогоо өөрөөсөө бүрдүүлдэг үү?

-Салбарын хувьд нислэгийн хөөрч, буух болон дамжин өнгөрөлт зэргээс гол орлогоо бүрдүүлдэг. Цаашид нислэгийн бус орлого бүрдүүлэх шаардлага байгаа. Хэрэв тогтмол нислэгтэй болчихвол нисэх буудлын барилгаа тохижуулж, зорчигчдод зориулсан буудал, кофе шоп гээд олон зүйлийг хийх боломжтой юм.

Баруун болон тус аймгийн зэргэлдээх аймгуудаас Өмнөговь руу уурхайд ажилладаг ажилчид хотоор дамжиж утаа, түгжрэлд нэрмээс болохоос гадна цаг хугацаа нэлээд алддаг.


Тиймээс Улаанбаатараар дамжихгүйгээр манай нисэх буудлаас шууд Өмнөговь явдаг болбол зардал, цаг хугацааны хэмнэлттэй байх боломжтой гэж боддог юм. Байгууллага төдийгүй аймагт ч эдийн засгийн үр ашигтай.


-Та сая аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшин сонгогдсон. Нисэх буудлын хөгжлийн асуудлаар аймгийн бодлого шийдвэрт тусгах санал санаачилга танд байгаа байх?

-Төлөөлөгчийн хувьд тойргийн сонгогчдыг төлөөлөхөөс гадна байгууллага хамт олноо таниулах, сурталчлахад дөхөм болно гэж бодож байна. Хамгийн гол нь манай аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэгт агаарын тээвэр зүй ёсоор орно. Тээврийн салбар хурдацтай хөгжиж байгаа. Мориос мотоицкл, мотоцилээс машин руу шилжсэн, одоо цаг хугацаа, аюулгүй байдлын хувьд агаарын тээврийг эрхэмлэдэг хүн олон болж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Холбоотой мэдээ