Бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-10-26 12:36:16

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 26. /МОНЦАМЭ/. “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024” өнөөдөр “UG Arena” төвд болж байна.  


Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан.  


Мөн Монгол Улсын Засгийн газрын  2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тус тус тусгасан юм.

Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024"-ын "Шинэ стандарт" уриан дор зохион байгуулж байна.




“Бүсүүдийн хөгжлийн Үндэсний чуулган-2024”-нд аймгуудын төлөөлөл оролцож, аймаг, орон нутгийн павильон ажиллуулж, үзэсгэлэн гаргаж байна. Мөн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх, хамтран ажиллах санал, төслөө танилцуулж байна. 




Үүний өмнө, энэ оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг зохион байгуулсан бол "Бүсчилсэн хөгжлийн чуулган-2024" үйл ажиллагааг төв болон зүүн бүсийн, Улаанбаатар хоын зэргээр бүс нутаг, нийслэлд хийсэн юм.

Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024”-д Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Бүсчилсэн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүлж, салбарын сайд нар асуултад хариулж байна.

Үдээс хойш бүсүүдийн хөгжлийн талаар 7 салбар хуралдаан бүс, бүсээр болж, хамтарсан төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, чуулганд оролцогчдоос зөвлөмж гаргах юм. 



Холбоотой мэдээ