Б.Чинзориг: Баяжуулагчид эрдэс баялгийг хамгийн үнэ цэнтэй материал болгодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-26 18:46:42

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эдийн засагт нь уул уурхайн салбар зонхилдог манай улсад эрдэс баялгийг баяжуулж боловсруулах нь өндөр зардалтай байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, орлогыг багасгадаг. Тэгвэл эрдэс баялгийн боловсруулалт, баяжуулалтад шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлснээр баяжуулж боловсруулах шат дамжлагыг нэгтгэж, үүгээр дамжуулан эрчим хүч хэмнэнэ.




Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний зардлыг их хэмжээгээр бууруулах боломжтойг Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч, зөвлөх инженер Б.Чинзориг өчигдөр “Новотел” зочид буудалд болсон “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал дээр онцлон хэлж байлаа. Түүнээс уг хурлын талаар болон баяжуулах салбарын онцлогийн талаар тодрууллаа.




Тэрбээр хэлэхдээ, “Манайд эрдэс баялгийг нунтаглах, хүдэр баяжуулах зардал дунджаар 50-70 хувьтай байдаг. Тэгвэл шинэ техник, технологи, олон улсын боловсруулах салбарын аргыг нэвтүүлснээр зардлыг 5-10 хувиар бууруулна. Тэр хэмжээгээр ашгаа нэмэгдүүлж, уул уурхайн салбарын экспортын борлуулалтын орлого тогтмол, тогтвортой байх гарц нь энэ юм. Энэ бол баяжуулах салбарын инженер, судлаач, ажилчдын ажлын үндсэн зорилго, үр дүн юм” гэдгийг тодотгож байв.


Эрдэс баялгийг үнэ цэнтэй материал болгох нь экспортын орлого нэмэгдэхэд нөлөөлдөг.


“Бид экспортын орлогын нэмэгдүүлэх шууд, голлон нөлөөлдөг салбарын хүмүүс гэж хэлж болно. Учир нь бидэнд уул уурхайн экспортын тоо, хэмжээ өсөж байна гэдэг ойлголтоос илүү, хэрэглэгч нарт хамгийн үнэ цэнтэй материалыг нийлүүлж байдаг онцлогтой. Эрдэс баялгийг үнэ цэнтэй материал болгох нь экспортын орлого нэмэгдэхэд шууд нөлөөлдөг” хэмээн салбарынхаа онцлогийг дурдлаа.




Ямар эрдсийн, юуны орд гэдгээр баяжуулалтын асуудлыг шийдэхгүй. Ордыг гүнзгий ашиглах тусам ширхгийн найрлага, эрдэс баялгийн химийн холбоос өөрчлөгдөж байдаг. Тиймээс уул уурхайг бүрэн ашиглахад суурь, судалгааг байнга хийж, технологийг сайжруулан шинэчилж байх нь чухал болж буйг тодотголоо.


"Эрдэс боловсруулалт-2024" олон улсын хуралд уул уурхайн хөгжил сайтай Канад, Австрали, АНУ, БНХАУ-ын төлөөлөл, гадаад, дотоодын 300 гаруй судлаач, мэргэжилтэн оролцож, нийт 20 гаруй илтгэл тавин шинэ мэдлэг мэдээлэл солилцож, судалгааны үр дүн, туршлагаа хуваалцлаа.



Тус хурал нь нүүрсээ баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх, зэсээ хайлуулах, газрын тосоо боловсруулах тухай ярьж эхэлсэн, Үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааны чигийг тодорхойлж, зарим нь бүтээн байгуулалт руу шилжсэн цаг үед болж буйг оролцогч нар хэлж байлаа. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус хурал эрдэм шинжилгээ, судалгаа, тооцоолол, техник рүү чиглэдгээрээ онцлогтой.



 

Холбоотой мэдээ