БАЯН-ӨЛГИЙ: А.Бегарысыг 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-28 17:18:21

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.


Хуралдааны эхэнд аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат 2024 оны сонгуулийн үр дүнг танилцуулав.


Үүний дараа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай санал хураалт явуулж, 100 хувийн саналаар баталлаа.


Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу төлөөлөгчид аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Аймгийн ИТХ дахь олонхын бүлгээс тус аймгийн Ардчилсан намын дарга А.Бегарысын нэрийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэв. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А.Бегарысыг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.


А.Бегарыс нь 1992 онд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2015 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж, 2019 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Х.Сатпаевын нэрэмжит Политехникийн Их Сургуульд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.


Тэрээр  2017-2021 онд “Назар авто” компанийн гүйцэтгэх захирал, 2021 оноос “Мөстийн ундарга” компанийн гүйцэтгэх захирлаар, 2023 оноос Аймгийн Ардчилсан намын даргаар тус тус томилогдон ажиллаж байна. 

Холбоотой мэдээ