Өсвөрийн даамчид ДАШТ-ээс дөрвөн алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Польшийн Шклярска-Поремба хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тус тэмцээнд 25 орны 300 гаруй тамирчин 10 насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Тэгвэл манай улсаас таван насны ангилалд 23 тамирчин өрсөлдөж байгаагаас стандарт төрөлд Монголын өсвөрийн даамчид дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр алтан цомын эзэн болов. Манай даамчид багийн дүнгээр гурав дахь жилдээ дараалан аваргалж байгаа нь энэ.
Наймдугаар өргийн дараах байдлаар манай гурван тамирчин алтан медалийн болзол хангаад байсан. Харин өчигдөр болсон сүүлчийн өргийн дараа дахин нэг алт нэмэгдлээ. Энэ удаагийн тэмцээнээс Б.Оюун-Үжин, Г.Дэлгэрмаа, Б.Тамир, Б.Алтанхүү нар алт, Б.Алтан-Эрдэнэ, З.Отгонсүрэн нар мөнгө, Д.Ангараг, Н.Түвшинбаяр нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Өнөөдөр түргэвчилсэн буюу рапид, маргааш түргэн буюу блиц тоглолт болсноор энэ удаагийн ДАШТ өндөрлөнө.