Санхүү, эдийн засгийн их сургууль 100 жилийн ойгоороо Сүхбаатарын одонгоор шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-01 14:53:32

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын ууган их сургуулиудын нэг Санхүү, эдийн засгийн их сургуулийн түүхт 100 жилийн ой тохиож байна.


Ойн баярын хурал Соёлын төв өргөөнд болсон бөгөөд хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид, тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, төгсөгч, оюутнууд оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх болон дээд боловсролын салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж, СЭЗИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Тэрбээр эрдэмтэн багш, судлаачид, ажилтан, албан хаагчид, оюутнууд болон үе үеийн төгсөгч нарт түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн юм.

 

Ингэхдээ тус сургуулийг зах зээлийн эдийн засгийн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, оюутан, төгсөгчид нь Хөрөнгийн бирж, хоёр шатлалт банкны тогтолцоо, татвар, гааль,  даатгал бизнес зэрэг зах зээлийн эдийн засгийн суурь тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов. Цаашид эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган бэхжүүлэхэд үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан дээд боловсролыг хөгжүүлэхэд манлайлж ажиллана гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.


СЭЗИС нь дээд боловсролын салбарт түүчээлэгч байж, нийгмийн салбарын хувьчлалын үлгэр жишээ болон сайн засаглалыг бэхжүүлж, их сургуулийн хөгжлийн шинэлэг загварыг 30 гаруй жилийн турш хэвшүүлэн ажиллаж байгаа юм. Мөн гадаадын их, дээд сургуулиудтай багш, оюутан солилцооны шинэлэг хэлбэрүүд нэвтрүүлэн, хамтарсан төсөл, судалгаа хийж, сургалтын хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж, их сургуулиудын тогтвортой хөгжилд үзүүлж буй нөлөөллийн олон улсын эрэмбэлэлд орж чаджээ.


Тус сургууль анх 1924 онд хоёр багш, 40 суралцагчтай “Гаалийн түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш худалдаа, эдийн засаг,  санхүүгийн салбарыг хөгжүүлэх, түүн дотроо үндэсний боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. 1929 онд “Нягтлан бодохын жинхэнэ сургууль”, 1935 онд “Санхүүгийн техникум”, 1946 онд “Санхүү, эдийн засгийн техникум” болон өргөжсөн бөгөөд 1949 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ. Тус сургуулийг 55 мянга гаруй хүн төгссөн бөгөөд  түүний дотор Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав, Ю.Цэдэнбал, Д.Содном, Р.Амаржаргал тэргүүтэй төр, нийгмийн олон арван зүтгэлтэн, гавьяатан, урлаг, соёл, утга зохиолын алтан үеийн алдартнууд төгссөн байна. 







Холбоотой мэдээ