СЭЛЭНГЭ: “Түүхэн хүмүүсээс суралцахуй” агуулгын хүрээнд соёлын сарын үйл ажиллагааг зохион байгуулна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-01 19:28:13

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг “Соёлын бүтээлч сар-2024”-ыг “Түүхэн хүмүүсээс суралцахуй” агуулгын хүрээнд зохион байгуулж байна.

 

Сарын хугацаанд дээрх агуулгын хүрээнд түүхэн суут хүмүүсийн суу билгийг алдаршуулах, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, эх оронч өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.

 

Үндэсний хэмжээнд жил бүрийн 11 дүгээр сард уламжлал болгон явуулдаг “Соёлын бүтээлч сар” аян энэ удаа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу зохион байгуулж байна.   

 

Өнөөдөр болсон “Соёлын бүтээлч сар-2024” аяны нээлтээр соёл, урлагийн байгууллагуудын 11 дүгээр сард зохион байгуулах соёлын ажлын мэдээллийг танилцууллаа.

 

Мөн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга, бүжгийн “Хатад” студи, “Ахмадын цуурай” хамтлаг, морин хуурын “Таван хан” сургалтын төвийн уран бүтээлчид, Монголын Зохиолчдын эвлэлийн Сэлэнгэ аймаг дахь зохиолчдын эвлэлийн яруу найрагч, сурагчдын урлагийн тоглолтыг иргэд, хүүхэд, багачуудад хүргэж, өв соёлоо түгээн дэлгэрүүллээ.

 

“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, музей, сумын соёл, урлагийн байгууллагууд орон нутагт түүхэн гавьяа байгуулсан суутныг алдаршуулан соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрлийн олон талт ажлыг зохион байгуулна.

 

"Өвлөн бүтээх-Өнөө ирээдүй" уриатай аяны нээлтэд Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан Соёлын боловсролын хөтөлбөр, сэдэвчилсэн номын үзэсгэлэнгээр оролцлоо.

 

Сарын аяны хугацаанд тус байгууллага эхний 1-р долоо хоногт Уншлага дэмжих, 2-р долоо хоногт Боловсрол дэмжих, 3-р долоо хоногт Гэрэл зураг дэмжих, 4-р долоо хоногт Утга зохиолыг дэмжих хөтөлбөрүүдийг зохион явуулахаар төлөвлөжээ.

 

Энэхүү үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, ЕБС-ийн сурагчид, иргэд олон нийтийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.