К.Валиева их спортод эргэн ирэх хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр
сарын 1. /ТАСС/. Тэмцээнд оролцох эрхийг нь хассан хугацаа дуусмагц тамирчны
замналаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа Оросын уран гулгагч Камила Валиева сэтгүүлчдэд
ярьжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн
сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ шаардлагыг хэлэлцсэн Спортын арбитрын шүүх "триметазидин" гэдэг хориотой бодисыг хэрэглэсэн К.Валиевагийн тэмцээнд оролцох
эрхийг 2021 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн 4 жилээр хассан билээ.
“Мэдээж хэрэг, бодсон зүйл бий, учир
нь, бүх зүйл дуусчихаагүй байна. Хамгийн сүүлд Оросын аварга шалгаруулах
тэмцээнд төдийлөн сайн оролцож чадсангүй. Ийм залуу насандаа спортын замналаа
зогсооно гэдэг бол ухаалаг хэрэг биш. Үзэгчид, дасгалжуулагчид, хөгжөөн
дэмжигчид болон өөрийгөө баярлуулахын тулд бүхий л хүчээрээ чармайх болно” гэж өдгөө
18 настай Валиева ярьж байна.
“Одоогоор би аажим аажмаар формондоо
орж байна. Гэхдээ мэдээж хэрэг, үзүүлбэр бүрийн өмнө бага зэрэг сандрах тохиолдлууд
гарч л байна. Өнгөрсөн улиралд гүйцэтгэж байсан гурвалсан ба давхар аксель үсрэлтүүдээ
итгэлтэй хийдэг болмоор байна. Одоогоор тэмцээн байхгүй учраас үзүүлбэрээ
илүү хүндрүүлж, өөртөө илүү итгэлтэй болох хэрэгтэй байна. Охидоос хоцрохгүй л
байх хэрэгтэй” гэж Валиева нэмж хэллээ.
К.Валиева бол 2020 оны дэлхийн залуучуудын
аварга юм.