Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII экспод оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны төлөөлөгчид угтан авав.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлэх юм. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.