Зуны Олимпыг Герман улсад зохион байгуулахыг О.Шольц дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-05 10:43:13

БЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 4. /ТАСС/. Герман улсад 2040 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа тус улсын Канцлер Олаф Шольц илэрхийлжээ.


“Одоо цаг нь нэгэнт болжээ. Манай улс 1972 оны Мюнхений Олимпын дараачаас Олимпыг зохион байгуулах гэж хэдэнтээ оролдож байлаа. Энэ удаад амжилтанд хүрэх ёстой гэж би бодож байна, 2040 онд Герман улс нэгдсэний 50 жилийн ой тохиох учраас энэ нь тус улсад Олимпын наадмыг зохион байгуулах хамгийн чухал шалтгаан болно” гэж Канцлер хэллээ.


Энэ оны 7 дугаар сарын 24-нд Германы засгийн газар хуралдаад, 2040 оны зуны Олимпын наадмыг ХБНГУ-д зохион байгуулах мэдүүлгийг дэмжих шийдвэр гаргасан байна. Удаан хугацаанд эргэлзсэний эцэст сайд нарын танхим Германы Олимпын спортын холбоо /DOSB/ болон хүсэлт гаргахыг дэмжиж буй мужууд, хотуудын удирдлагатай зөвшилцөлд хүрч, хамтарсан тунхаглал гаргасан байна.  


Одоо мэдүүлгийг хэдэн онд өгөх гэдэг талаар тохиролцох хэрэгтэй байгаа бөгөөд Германы аль нутагт Олимпын тоглолт болох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Олимпын наадмыг зохион байгуулахыг сонирхож байгаагаа Рейн-Рур, Берлин, Хамбург, Лейпциг, Мюнхен зэрэг бүс нутаг, хотууд илэрхийлсэн байна. Германы Олимпын спортын холбоо цаашид хийх алхмуудыг хэлэлцэхээр 12 дугаар сарын 7-нд Саарбрюккен хотноо нэгдсэн хурал хийхээр шийдвэрлэжээ.


1986 оноос хойш Герман улс Олимпын тоглолтыг зохион байгуулах хүсэлтээ хэдэнтээ өгсөн боловч бүтэлгүйтсэн юм. Тухайлбал, өвлийн Олимпын наадмыг 2022 онд Мюнхенд, зуны Олимпыг 2024 онд Хамбург хотод зохион байгуулахаар хүсэлт гаргасныг олон нийт эсэргүүцсэн байна.


Зуны Олимпын наадам 2028 онд Лос-Анжелест, 2032 онд Австралийн Брисбен хотод тус тус болно.  

Холбоотой мэдээ