ДОРНОГОВЬ: Их нартын байгалийн нөөц газарт тусгай сонирхлын 280 гаруй аялагч зочилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий нутгийг Их нартын байгалийн нөөц газар гэдэг.
Говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүсийг дэлхийд ховордоод буй аргалийн өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үздэг. Хүний гараар урласан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам элэгдэж эвдэрч, сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр хийгээд тэнгэрт эргэлдэх жигүүртэн шувууд, харь нутгаас нүүдэллэдэг нүүдлийн шувуудыг харж болно.
Энд жил бүр тусгай сонирхлын жуулчид цөөнгүй ирдэг. Тухайлбал, гэрэл зурагчид байгалийн торгон агшныг
гэрэл зургийн хальснаа буулгадаг тул биологич, амьтан судлаач зэрэг
эрдэмтэд судалгаа шинжилгээ хийдэг байна. Энэ жилийн ёсдүгээр сарын байдлаар Их нартын
байгалийн нөөц газарт гадаадын 116, дотоодын 165 жуулчин иржээ. Тэд өөр өөрийн
сонирхлын дагуу шинжилгээ, судалгаа, байгалийн болоод гэрэл зураг авах зэрэг
тусгай сонирхлоор ирдэг аялагч, жуулчид юм.
Их нартын байгалийн нөөц газарт хамаарах нийт 66,592.00 га талбайг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байсан. 2013 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Аргаль агнуур судлалын төв” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан хамгаалалтын менежментийг хариуцан ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа үргэлжлүүлэн хариуцаж ирсэн байна.