Америкийн хөрөнгийн зах зээлийн индексүүд өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /VOA/. Мягмар гарагт буюу өчигдөр АНУ-ын иргэд шинэ ерөнхийлөгчөө сонгож байх үед тус улсын хөрөнгийн зах зээл тэлж, эдийн засгийн байдал сайжирна гэсэн шинж тэмдгүүд ажиглагдлаа.
Мягмар гаргийн арилжааны явцад “S&P 500” индекс 1 хувиар өсөж, өнгөрсөн сард хүрсэн дээд үзүүлэлт рүү дөхжээ. Аж үйлдвэрийн “Dow Jones” индекс 334 нэгж буюу 0.8 хувиар, “Nasdaq composite” индекс 1.3 хувиар өссөн байна.
Хөрөнгө оруулагчид сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна. Хэрэв сонгуулийн дүн тодорхойгүй эсвэл маргаантай гарвал зах зээлийн байдал өөрчлөгдөж, улам дордох магадлалтай.
Улс төрийн огцом өөрчлөлтүүд нь алдагдал нэмэгдэхэд хүргэж, эдийн засгийн хөгжлийг удаашруулдаг тул хөрөнгө оруулагчид Цагаан ордон болон Конгрессын хоёр танхимд өөр өөр намууд олонх байхыг илүүд үздэг.
Улс орны эдийн засгийн байдал сонгогчдын хувьд хамгийн чухал асуудал бөгөөд тэдний ихэнх нь хоол хүнс, орон сууцны үнийн өсөлттэй тулгарч байна. Харин аль нэр дэвшигч нь эдийн засгийн асуудлуудыг илүү сайн шийдэх вэ гэдэг дээр сонгогчид санал зөрөлдөж байна.
К.Харрис орон сууцны үнийг хямдруулж, шинээр төрсөн хүүхэдтэй гэр бүлд зориулсан хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлж, чинээлэг иргэдийн татварыг нэмэгдүүлнэ гэж амласан юм.
Харин Д.Трамп корпорацуудын татварыг бууруулж, тарифыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн орлогын албан татварыг хүчингүй болгохыг зорьж байна. Түүний тарифыг нэмэгдүүлэх санал нь инфляцыг улам дордуулж, үнийг өсгөж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна.