"Спортинг" баг дуулиан тарилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-06 11:13:07

МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /РИА Новости/.  Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтод Английн “Манчестер Сити” баг Португалын “Спортинг” багт олон гоолын зөрүүтэйгээр хожигдсон нь дуулиан тарилаа.   


Өчигдөр Лиссабон хотод болсон тоглолт 4:1 гэсэн харьцаагаар талбайн эздийн илт давамгайллаар өндөрлөжээ. “Спортинг”-ийн Виктор Дьёкереш 38, 49 ба 81 дэх минутанд гоол оруулж, хет-трик хийсэн бол Максимилиано Араухо 46 дахь минутанд гоолдсон байна. “Сити”-гийн Фил Фоден 4 дэх минутанд гоол оруулсан бол Эрлинг Холанд 11 м-ийн торгуулийн цохилтыг алджээ.  


Ташрамд дурдахад, энэ долоо хоногт УЕФА-гийн ивээл дор болж буй бүх тоглолт Валенсиа мужид болсон үерт өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссоноор эхэлж байгаа юм.


26-нд болох тавдугаар тойргийн тоглолтод “Спортинг” баг талбайдаа Лондоны “Арсенал”-ыг хүлээж авах бол “Манчестер Сити” баг талбайдаа Нидерландын “Фейенорд”-той тоглоно.


Хамгийн сүүлийн үеийн мэдээг үзвэл, “Спортинг”-ийн ахлах дасгалжуулагч Рубен Аморим-ыг саяхан элсүүлэн авсан “Манчестер Юнайтед” баг нөхөн төлбөр болгож 11 сая еврог португалчуудад өгөхийг зөвшөөрсөн бөгөөд Аморим 11-ний өдрөөс ажилдаа орох ажээ. Түүний удирдлага дор “Спортинг”-ийн хөлбөмбөгчид Португалын АШТ-ний эхний 10 тоглолтын бүгдэд нь, мөн Аваргуудын лигийн тэмцээний 4 тоглолтын гуравт нь ялж, нэг удаа тэнцэж, нийт 10 оноотой болоод байна.


Харин “Манчестер Сити” хоёр ялж, нэг тэнцэж, нэг ялагджээ.  

Холбоотой мэдээ