Н.Пелоси Конгресст дахин сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-06 16:19:44

НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /АР/.  АНУ-ын Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси доод танхимд дахин сонгогдсон тухай  “Associated Press” агентлаг мэдээллээ.


Тэрбээр Калифорни муж улсын 11 дүгээр тойргоос сонгогджээ. Өдгөө 84 настай Н.Пелоси 1987 оноос хойш Конгрессын гишүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр 2007 онд Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдож, энэ албан тушаалыг хашсан анхны эмэгтэй болсон юм. 2011 оны сонгуулиар Ардчилсан намынхан Конгрессын доод танхимд олонхын суудлаа алдсаны дараа Н.Пелоси цөөнхийн бүлгийг даргалах болсон юм. 2019 онд тэрбээр Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгогдсон бол 2023 оны нэгдүгээр сард уг албан тушаалаас огцорсон билээ.


2022 онд Н.Пелоси Тайваньд айлчилсан нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг ихээхэн төрүүлж, тус улс арлын эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийхэд хүргэж байлаа. Хятадын эрх баригчид түүний айлчлалыг өдөөн хатгалга бөгөөд Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдэд өгсөн буруу дохио гэж мэдэгдэж, Н.Пелоси болон түүний гэр бүлийн эсрэг хориг арга хэмжээ авч, хоёр талын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэд хэдэн механизмыг түр зогсоож байв.


NBC телевизээр мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден долоодугаар сарын 21-нд ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татах, Ардчилсан намаас Камала Харрисыг түүний оронд нэр дэвшүүлэхэд Н.Пелоси голлох үүрэг гүйцэтгэжээ.


Бүх нийтийн ээлжит сонгууль АНУ-д мягмар гарагт болсон бөгөөд тус улсын иргэд Ерөнхийлөгч, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг, Конгрессын Төлөөлөгчдийн танхимыг бүх гишүүдийг, 11 муж улс, 2 нутаг дэвсгэрийн захирагчдыг сонгож байна.



Холбоотой мэдээ