ДОРНОГОВЬ: Цөлжилтийг сааруулах, бэлчээр нөхөн сэргээх чиглэлээр судалгааны мониторинг цамхаг байрлуулна

ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2024-11-07 14:48:46

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх тухай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, судалгааны мониторинг цамхаг байрлуулахаар болжээ.


Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, БНХАУ-ын Ажлын хэсгийн төлөөлөл, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ болон “Борхойн Баянбүрд” СОА-ийн төлөөлөл хамтран хэрэгжүүлж байна.


Энэ нь Монгол Улсын хэмжээнд 11 байршилд байгуулах цамхгийн нэг бөгөөд тус суманд босгох цамхгийн байршлыг сонгож, газрын асуудлаар орон нутагтай хэлэлцэн 2025 оны төлөвлөгөөнд тусгахаар талууд тохиролцсон байна.


Монгол Улсын хамгийн том боомт, зүүн өмнөд хилийн бүс болох Замын-Үүд сум “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр сая мод тарих үүрэг даалгавар авчээ. Шар шороон шуургыг зогсоох, агаарын бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хөрш БНХАУ-ын Эрээн хоттой ч хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

Холбоотой мэдээ