Д.Трампын Тамгын газрын даргын нэр тодорхой болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынх нь менежерээр ажилласан Сьюзи Уайлсыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилно гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр тэрбээр нөлөө бүхий уг албыг хашсан анхны эмэгтэй хүн болох юм.
Д.Трампын эмх цэгцтэй явуулсан кампанит ажлыг удирдсанаараа С.Уайлс түүний ойрын хүрээллийнхэн болон бусад хүнд өндрөөр үнэлэгдэж байгаа бөгөөд энэ албан тушаалын төлөөх гол өрсөлдөгч гэж тооцогдсоор иржээ. Тэрбээр олны анхаарлын төвд байхаас зайлсхийдэг бөгөөд лхагва гаргийн өглөө Д.Трамп ялалтаа тэмдэглэж байх үед үг хэлэхээс татгалзсан байна. Мөн олны хэл амны бай болохгүйн тулд сонгуулийн кампанит ажлын менежер гэсэн албан ёсны нэрээс татгалзаж байжээ.
С.Уайлсыг Тамгын газрын даргаар нэрлэсэн нь Д.Трампын хувьд ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш гаргаж буй анхны томоохон шийдвэр бөгөөд засгийн газрыг удирдахад туслах багийг богино хугацаанд бүрдүүлэх ёстой.
С.Уайлс энэ албыг хашихад туршлага багатай хэдий ч шинэ ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн нэг юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр С.Уайлс хэн хүний хийж
чадахгүй ажлыг гүйцэтгэж, Д.Трампын итгэлийг хүлээж чаджээ.
Д.Трамп
мэдэгдэхдээ, Сьюзи бол хатуу ширүүн, ухаалаг, шинийг санаачлагч бөгөөд дэлхий нийтийн хүндлэлийг хүлээсэн хүн юм. Сьюзи Америкийг дахин агуу болгохын төлөө уйгагүй зүтгэсээр байх болно. Сьюзи АНУ-ын түүхэнд
Цагаан ордны Тамгын газрын даргын албыг хашсан анхны эмэгтэй болох гэж буй нь нэр төрийн хэрэг юм" гэжээ.
Үүргээ амжилттай гүйцэтгэсэн Тамгын газрын дарга нар ерөнхийлөгчийн итгэлт хүн болж, ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улс төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тэнцвэржүүлэхэд тусалдаг байна. Флорида муж улсад олон жил ажилласан Бүгд найрамдах намын стратегич С.Уайлс бол 2016, 2020 онд тус муж улс дахь Д.Трампын сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан бөгөөд Рон ДеСантисыг 2018 онд Флоридагийн захирагчаар сонгогдоход хувь нэмрээ оруулж байжээ. Түүнээс өмнө 2010 онд Флоридагийн захирагчийн сонгуульд Рик Скоттын сонгуулийн кампанит ажлыг удирдаж байснаас гадна Ютагийн захирагч асан Жон Хантсманыг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд БНН-ын сунгаанд өрсөлдөх үед менежерээр нь ажиллаж байв.