СЭЛЭНГЭ: 4 сая ширхэг мод тарьж, ойн санд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
ТЭРБУМ МОДСүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр
сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 4 сая ширхэг мод тарьж, ойн санд 10 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үйлсэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумынхан идэвх
санаачилгатай оролцож байна.
Тодруулбал, 2024 онд сумынхаа нутаг дэвсгэрт нийт 4
сая мод, бут тарих ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Энэ намрын мод тарилтын
ажлыг отголж, Д.Батдорж захиралтай “Агрофорест” ХХК-ийн хамт олон “Тэрбум мод”
сангийн хөрөнгө оруулалтаар “Цөх” 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хоёр элс”-ний
орчимд 50 га газарт ойн зурвас байгуулсан байна.
Энд 500.000
ширхэг улиас, хайлаас, бургас, шар хуайс, монос зэрэг навчит мод тарьж хашаажуулжээ.
Тус сум
зөвхөн 2024 онд гэхэд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 1473 га талбайд
4057500 ширхэг мод тарьж, сумынхаа ойн санг арвижуулах үйлсэд 10 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт хийсэн байна.
Энэхүү хөдөлгөөнийг сум орон нутагт хэрэгжүүлэхэд Алтанбулаг сумын төр төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийн гишүүд, иргэд идэвхтэй оролцжээ.