ОРХОН: Эрдэнэ, Цагаанчулуут багийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-11-08 18:14:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж таван асуудлыг хэлэлцлээ. Хурлаар аймгийн хэмжээнд 2024 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар хийсэн ажлын тайлан, 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.


Мөн цэргийн дүйцүүлэх албаны тооны дээд хязгаарыг тогтоох тухай, болзошгүй аваарын зардлаар хийх ажил, аймгийн Засаг даргын нөөц сангийн зарцуулалт, аймгийн 2025 оны төсвийн төслийн тухай урьдчилсан танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэв.  


Хотын захирагчийн албанаас “Болзошгүй аваар”-ын зардлаар хийх 12 ажлын талаарх мэдээллийг танилцуулж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ. Мөн холбогдох албаны мэргэжилтнүүд  оролцож  өнөөгийн нөхцөл  байдлын талаар мэдээлэл өгөв. 


“Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн харьяа Эрдэнэ, Цагаанчулуут багийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний ачаалал ихэсч, одоо байгаа 160 кВА дэд станцууд аваарын горимд шилжжээ. Иймд Эрдэнэ багийн АТП-24, Цагаанчулуут багийн АТП-419 дэд станцын хүчин чадлыг 250 кВт-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай 36 сая төгрөгийн санхүүжилтыг Болзошгүй аваарын зардлаас шийдвэрлэв. Дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр тус хоёр багийн 300 айл өрхийн эрчим хүч сайжрах юм. 


Мөн Зэст багийн 21 дүгээр цэцэрлэгийн Угаалгын байрны гадна цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлаж, газар доогуур кабель татах ажилд шаардлагатай 8 сая 271 мянга, Говил багийн “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн гадна цэвэр усны шугамд гарсан гэмтлийг засварлах ажилд шаардлагатай 10 сая 936 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв. 

Холбоотой мэдээ