Газын зурваст тусламж үзүүлэх шинэ гарцыг нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЙЕРУСАЛИМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /Reuters/. Газын зурвасын өмнөд хэсэгт үзүүлэх тусламжийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Газын төвийг чиглэсэн Киссуфимын гарцыг дахин нээхээр төлөвлөж байгаагаа Израилын арми баасан гарагт мэдэгджээ.
Израилын цэргүүд сар гаруйн хугацаанд томоохон ажиллагаа
явуулж буй Газын зурвасын хойд хэсэгт хүмүүнлэгийн хямрал үүсэж байгааг
тусламжийн агентлагууд анхааруулсаар байгаа бөгөөд тус зурваст илүү их тусламж
үзүүлэхийг олон улсын зүгээс шаардсаар байгаа энэ үед дээрх
алхмыг хийж байна.
Армийн инженерүүд хяналтын цэг, хатуу хучилттай зам
барих инженерийн ажлыг хийсний дараа шинэ гарцыг нээнэ гэж армийн
мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони
Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Израилын албаныханд хандан Газын
зурваст хурцдаж буй нөхцөл байдлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авахыг
шаардсан юм.
Axios мэдээллийн цахим хуудасны сурвалжлагчийн интернэтэд байршуулсан тэдний захидалд дурдсанаар, Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулахад Израилын Засгийн газарт 30 хоногийн хугацаа өгсөн байна. Захидалд багтсан шаардлагуудын нэг нь Газын зурваст тав дахь гарцыг нээхтэй холбоотой байжээ.