“Алтан бөмбөг”-ийн эзнийг хэрхэн тодруулсан талаар бичжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны арваннэгдүгээр
сарын 9 /РИА Новости/. “Алтан бөмбөг” шагналын эзнийг тодруулах санал
хураалтын явцад “Манчестер Сити” ба Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч
Родри хамгийн ойрын өрсөлдөгч Винисиусээс 41 оноогоор илүүрхсэнээр уг шагналыг
хүртжээ. Шилдгийг тодруулах шүүгчдийн санал хураалт хэрхэн явагдсан, түүний
дүнгийн талаар L'Equipe сонинд бичсэн байна.
Санал хураалтын эцсийн дүн
гарахад Родри 1170 оноо, “Реал Мадрид”-ын бразил довтлогч Винисиус Жуниор 1129.99
оноо авсан байна. Энэ хоёр хөлбөмбөгчнөөс гадна нэгдүгээр байрт Жуд Беллингем (5 удаа), Дани Карвахал (4 удаа), Тони Кроос (2 удаа), Килиан Мбаппе, Эрлинг Холанд, Лаутаро Мартинес, Адемол Лукман(тус
бүр 1 удаа) нарын нэрс дурдагдаж байжээ. Шүүгчдийн саналаар нэгдүгээр байрт бичигдэх
бүрт 15 оноо, хоёрдугаарт бичигдсэн бол 12 оноо, гуравдугаар байрт -10 оноо өгөх байдлаар шилдэг 10-ыг
тодруулсан ажээ.
Шүүгчдээс 5 хүн Родриг шилдэг
10-т оруулаагүй бол 3 хүн Винисиусийн нэрийг дурдаагүй байна.
Ингээд хамгийн олон оноо авсан шилдэг 10
хөлбөмбөгчин дорх дарааллаар тодорчээ:
1. Родри (Испани, "Манчестер
Сити") - 1170 оноо.
2. Винисиус (Бразил, "Реал") - 1129;
3. Жуд Беллингем (Англи, "Реал") - 917;
4. Дани Карвахал (Испани,
"Реал") - 550;
5. Эрлинг Холанд (Норвег, "Манчестер Сити") - 432;
6. Килиан Мбаппе (Франц, "Пари Сен-Жермен") - 420;
7. Лаутаро Мартинес (Аргентин, "Интер") - 402;
8. Ламин Ямаль (Испани,
"Барселона") - 383;
9. Тони Кроос (Герман, "Реал") - 291;
10. Харри Кейн (Англи, Бавария)
- 201.
“Алтан бөмбөг” шагналыг гардуулах
ёслол 10 дугаар сарын 29-нд Парисын Шатле театрт болсон бөгөөд France Football
сэтгүүлийн хувилбараар улирлын шилдэг тоглогчоор Родри шалгарсан билээ. Харин хэвлэл
мэдээллийнхэн ба шинжээчид Винисиус уг
шагналыг авна гэж таамаглаж байсан боловч тэрбээр шагналгүй хоцорсон юм. “Реал
Мадрид” баг УЕФА ба ёслолыг зохион байгуулагчдыг шүүмжилж, уг ёслолд оролцоогүй
байна. Харин тус баг оны шилдэг багаар, багийн ахлах дасгалжуулагч Карло
Анчелотти шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм.
Өдгөө 28 настай Родри 1960 онд Луис
Суарес Мирамонтес уг шагналыг хүртсэнээс хойш "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорсон анхны испани хөлбөмбөгчин болж байна.
Тэрбээр өнгөрсөн улиралд “Манчестер
Сити” багийн бүрэлдэхүүнд Английн аварга болж, Испанийн шигшээгийн бүрэлдэхүүнд
Европын АШТ-нд түрүүлсэн билээ.