АН төсвийн тодотгол өргөн барихтай холбоотой ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-11 15:06:42

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ирэх оны төсвийг өнгөрсөн баасан гарагт УИХ баталсантай холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.


Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсөв ихээхэн тэлсэн. Ирэх оны төсвийг Засгийн газар мөн ялгаагүй тэлсэн дүнтэйгээр өргөн барьсныг УИХ тэр чигт нь баталсан. Батлах явцад УИХ-ын чуулганы хуралдааны дэгээ бариагүй. Иймд УИХ-ын дарга болон Төсвийн байнгын хорооны дарга нарт хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаагаа бүлгийн гишүүд энэ үеэр хэллээ.


Түүнчлэн төсвийн тодотголын төслийг ирэх сард багтаан өргөн барихтай холбогдуулж ажлын хэсэг байгуулахаар болсноо мэдэгдэв. Уг ажлын хэсэг тодотголын төсөлд анхаарвал зохих асуудлаар урьдчилсан байдлаар байр сууриа нэгтгэж ажиллах аж. 


Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ирэх оны төсвийн төсөл дээр эрх баригчдыг дагасан бус харин ч бие даасан, хараат бус дүгнэлт гаргасан. Цаашид тус зөвлөлийн дүгнэлтийг улсын төсөв хэлэлцэх үед тусгайлан авч үздэг байх заалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ