Ирэх онд Геологийн төв лаборатори, “Хермес” төв, Нарны замд нүхэн гарц байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг хэлэлцсэн байна. Зөвлөгөөний эхэнд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар танилцуулав. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамж гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрээс Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан.
Нүхэн гарын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар ярихдаа “Геологийн төв лабораторийн уулзварын төмөр зам доогуур нүхэн гарцын барилга угсралтын ажлын хүрээнд D32 метр түр ган дам нурууг төмөр зам дагуу шилжүүлэн бетон тулгуургүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-4, “Москва” хорооллын чиглэлд 4.2 км урт 2ф800мм-ийн голчтой дулааны гол шугам шилжүүлэх, Ф150мм-ийн уурын шугам сүлжээ шилжүүлэх ажил хийсэн. “Хермес” төвийн төмөр замын зоорины үндсэн нүхэн гарцын барилга угсралтын ажил дууссан. 2025 оны хавраас төмөр зам доогуур байрлуулах ажлыг үргэлжлүүлнэ. Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарцыг барьснаар хөдөлгөөний ачаалал 7.3 хувиар буурах судалгаа байна. 2025 оны хавраас мөн барилга байгууламжийн ажлыг эхлүүлнэ” гэв.
Нийслэлд төмөр
зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа нь
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй
болгох зохицуулалт хийснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулах зорилготой юм.
Мөн нийслэлд хэрэгжиж байгаа явган замын нөхөн сэргээлтийн ажлууд болон
нийслэлийн хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох албаныхан
танилцууллаа.