ДОРНОГОВЬ: Жолооч нарт эмнэлгийн үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-12 14:43:48

Сайншанд, 2024 оны арванэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод 11 нэгдүгээр сарын 10-нд ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж, давхардсан тоогоор 409 жолоочид үйлчилжээ.


Эмч нар дотор, мэдрэл, арьс харшил, халдвар, урологийн үзлэг хийж, эхо болон лабораторийн бусад шинжилгээ хийж, зөвлөгөө өгсөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээс гадна жолооч нарт осол гэмтэлд өртсөн үед үзүүлэх анхны тусламж, хугарал, түлэгдэлт, хөлдөлт зэргийн үед анхны тусламж хэрхэн зөв авах талаарх парамедикийн сургалт хийжээ.


Эмнэлгийн энэхүү үйлчилгээг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих “Эрүүл монгол эр хүн” өдөрлөгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор Авто тээврийн газартай хамтран зохион байгуулжээ. Цаашид Ханги хилийн боомтод ажиллаж буй жолооч нарын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг хагас жил тутамд хийх, илэрсэн өвчнийг эрүүлжүүлэхэд анхаарах болно хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомт нь Монголын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон бөгөөд 1500 гаруй тээврийн хэрэгсэл хилийн бүс рүү тээвэр хийдэг байна. 

Холбоотой мэдээ