Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг үргэлжлүүлэн өргөтгөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амьдрах боломжтой газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрч, үлдсэн газар нутгийг ямар нэгэн сүлжээнд холбоогүй байна.
ЦХИХХЯ энэ онд 74 багт, ирэх онд 55 багт сүлжээ нэвтрүүлэхаас гадна алслагдсан нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээр 2027 онд үндэсний хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байна. Тэгвэл цаашид газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх, эсвэл үндэсний хиймэл дагуулаар асуудлыг шийдэх үү гэдгийг Мобиком корпорацаас ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ тавьсан юм.
Сайд Ц.Баатархүү, “Монгол Улс 2027 онд үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах ажил үргэлжилнэ. Үүнд оператор компаниуд идэвхтэй оролцохыг уриалж байна. “Бүх нийтийн үүргийн сан”-гийн журмыг олон талын оролцоотой шинэчилж байгаа, цаашид сангийн санхүүжилт, зарцуулалтыг оновчтой болгоно” хэмээв.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Засгийн газрын 20 гаруй тусгай сангийн нэг бөгөөд улсын төсвөөс санхүүждэггүй, сангийн орлогын 70-90 хувийг харилцаа холбооны салбарын цөөн, том компани бүрдүүлдэг юм. Тус санг харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан нутгуудад хүргэх, шинээр сүлжээ байгуулах, өргөтгөх, шинэчлэх зорилгоор байгуулжээ.
Мобиком корпорацын зөвлөх Кобаяши Хироюки тус компанид одоогоор тулгамдсан асуудал байхгүй ч цаашид яамтай нягт уялдаа холбоотой ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд, талууд дроны туршилтын бүс байгуулах,
монгол инженерүүдийг зайнаас Японд ажиллах нөхцөл бололцоог хангах, мэдээллийн
технологийн мэргэжлээр боловсон хүчнийг сургасан компанид тодорхой урамшуулал
олгодог болох талаар санал солилцсоныг
ЦХИХХЯ мэдээллээ.