ДОРНОГОВЬ: Нийт нутгийн 84.5 хувь нь бэлчээрийн нөөцтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу бэлчээрийн төлөв байдлын ургац тодорхойлох ажлыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас 14 сумын 54 багийн 72 бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын цэгүүдэд энэ оны наймдугаар сарын 10-20-нд хийж гүйцэтгэжээ.
Тус газрын 2024-2025 оны бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд, нийт нутгийн 84.5 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 14.2 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 1.2 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 0.1 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн байна.
Одоогоор малчид өөр аймгийн нутагт оторлоогүй бөгөөд
аймгийн хэмжээнд есөн сумын нийт 273 өрхийн 102780 толгой мал өөрийн нутагтаа отроор өвөлжиж байна. Өнгөрсөн зун Дорноговь
аймгийн нийт нутгаар бороо хур ахиу орж, өвс ургамал сайн ургасан тул өөр аймагт отор хийх шаардлагагүй бэлчээр хүрэлцээтэй байгаа талаар аймгийн
ХХААГ-аас мэдээлэв.