“Гоёл-2024” наадам 37 дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл” энэ сарын 20-ноос эхэлнэ.
Монголын дизайнеруудын холбооноос 37 дахь жилдээ зохион байгуулах эл наадмын хүрээнд энэ сарын 20, 21-нд хувцас загваруудыг тайзнаа танилцуулах бол 23-нд шилдгүүдийг тодруулах гала шоуг зохион байгуулах тов гарчээ.
“Гоёл” наадмаар шилдэг дизайнер, шилдэг залуу дизайнер, наадмын тусгай шагналт дизайнер, шилдэг эрэгтэй загвар өмсөгч, шилдэг эмэгтэй загвар өмсөгч, шилдэг фото модель, шилдэг загвар зохион бүтээх товчоо, шилдэг нүүр будагч, шилдэг үс засалч, мөн топ модель, гранпри шагналын эзнийг тодруулах юм. Үүнээс гадна ивээн тэтгэчдийн тусгай шагналуудыг гардуулдаг уламжлалтай.
Хамгийн анх 2001
онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл,
мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. Тэгвэл топ тодроогүй цор ганц
наадам нь “Гоёл-2016” юм. Харин өнгөрсөн жилийн отгон топ моделиор загвар
өмсөгч А.Сайхантамир тодорсон билээ.